Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тэмдэглэлээ
Энэ 6 дугаар сарын 19-ний өдөр Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тэмдэглэх арга хэмжээ НҮБ-ын төв байранд боллоо. Уг арга хэмжээг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2022 онд баталсан “Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийн тухай” тогтоолыг санаачлан батлуулсан орнууд хамтран зохион байгуулсан юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Көрөши арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ дипломат албанд жендэрийн тэгш байдлыг хангах нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гээд өөрийн баг болон Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы даргын санаачилгаар эхлүүлсэн залуучуудыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогчдын 2/3 -ийг эмэгтэйчүүд байхаар зохион байгуулснаа мэдээлэв.
Тэрээр дипломат үйл ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн индекс судалгаагаар элчин сайд нарын ердөө 1/5 нь эмэгтэй байгаа нь чамлалттай бөгөөд Ерөнхий Ассамблейн нийт 77 даргаас ердөө 4 нь эмэгтэй байгааг өөрчлөх цаг болсныг тэмдэглэв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Лихтенштайн Улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Доминик Хаслер нар уг арга хэмжээнд цахимаар оролцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийн ач холбогдлыг тэмдэглэхийн сацуу Улаанбаатар хотноо энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтын талаар танилцууллаа.
Арга хэмжээний үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргын тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч Руанда Улсын залуу дипломат Натали Гасарро НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохамедтай ярилцлага өрнүүлсэн ба А.Мохамед эмэгтэйчүүдийг дэмжих “охидын клуб” байгуулах шаардлагатайг тэмдэглэсэн.
НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал Сима Бахус парламентын гишүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь ердөө 26, Гадаад хэргийн сайд нар дунд 25, Элчин сайд нар дунд 20, түүнчлэн Төр, засгийн эмэгтэй тэргүүнтэй улс 28 байгааг дурдаад НҮБ-ын дараагийн ЕНБД эмэгтэй хүн байх ёстой гэв.
Арга хэмжээнд оролцсон төлөөлөгчид Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг дан ганц тэмдэглээд өнгөрөх бус цаашид дипломат ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө эрдэмтэд, залуучууд, лидерүүд зэрэг бүхий л талуудтай ойр хамтран ажиллах шаардлагатайг онцлов.