16 мянга гаруй хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэв
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч тавдугаар сард 4794 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 750 гадаадын иргэнд виз, 31 улсын 2472 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 4282 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1577 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Гадаадын иргэн, харьяатын газар виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулаад байгаа бөгөөд өнгөрөгч сард Eimmigration.mn цахим системээр 5043 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 16143 иргэний хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэлээ. Тодруулбал, визийн зөвшөөрөл олголт 5070, визийн сунгалт 313, оршин суух зөвшөөрлийн олголт 4446, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 2478, 48 цагийн бүртгэл хийлгэх 3276 иргэний хүсэлтийг тус тус хүлээн авч, шийдвэрлэв.
Түүнчлэн гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 5837 иргэнд утсаар, 521 иргэнд биечлэн, 22 иргэнд цахимаар, нийт 6380 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.