WorldFocus

Батлан хамгаалах салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2023 оны 06 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд тус улсад 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын “Шангри Ла-ийн яриа хэлэлцээ 2023” аюулгүй байдлын олон улсын бага хуралд оролцож, энэ үеэр батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаатай зарим орны Батлан хамгаалахын сайд нартай албаны болон хоёр талын уулзалт хийв.

Сайд Г.Сайханбаяр тус хуралд оролцох үеэрээ өнгөрөгч 03 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдсон хурандаа генерал Ли Шанфу-тай, Бүгд Найрамдах Сингапур Улсын Батлан хамгаалахын Төрийн ахлах сайд ноён Хэнг Чи Хоу, Катар Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн сайд доктор Халид Бин Мохамед Ал Аттияа нартай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрсэн түвшинг дүгнэхийн зэрэгцээ өнөөгийн байдлын талаар харилцан санал солилцсон юм.

Түүнчлэн тэрбээр Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Канад Улсын Батлан хамгаалахын сайд хатагтай Анита Ананд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалахын сайд Лий Жонг-Суп, Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Батлан хамгаалахын сайд Борис Писториус, Филиппин Улсын Батлан хамгаалахын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Карлито Галвез, Умард Атлантын гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Ангус Лэпслей, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн ерөнхий нарын бичгийн дарга доктор Као Ким Хоурн нартай хоёр талын уулзалт хийж, хоёр талын харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинэ боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцав.

“Шангри Ла-гийн яриа хэлэлцээ” олон улсын бага хурал нь бүс нутгийн төдийгүй дэлхийн олон улс орнуудын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний удирдлага, олон улсын судалгааны байгууллагуудын эрдэмтэн, судлаачдын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэн, дүн шинжилгээ хийж, аюулгүй байдлын асуудлаар улс орнууд өөрсдийн байр сууриа илэрхийлж, нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан ойлголцож, хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлдэг олон улсын харилцааны чухал талбар юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close