Тайланд улстай харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцов
Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Бангкок хотноо зохион байгуулагдлаа. Хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, зөвлөлийн Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Тайландын Гадаад хэргийн дэд сайд, Тайландын хэсгийн дарга Вижават Исарабхакди нар ахалж оролцов.
Хуралдааны үеэр талууд хоёр Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн сацуу 2024 онд тохиох Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Талууд Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, соёлын өдөр, эрдэмтэн судлаачдын онлайн дугуй ширээний хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиров. Түүнчлэн “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт тус тус хүргэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа талууд нотлов.
Монгол, Тайландын худалдааны хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг өнгөрсөн 2022 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг талууд тэмдэглээд тус хорооны II хуралдааныг 2024 онд зохион байгуулахаар тохиролцов.
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил-Welcome to Welcome to Mongolia” болгон зарласантай холбогдуулан Монгол орныг Тайландын иргэдэд сурталчлан таниулах, жуулчдыг татахад чиглэсэн аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулах, Тайландын туроператорын төлөөллийг Монголд айлчлуулах, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, Тайландын Худалдааны яамнаас зохион байгуулдаг Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан томоохон үзэсгэлэн, худалдаанд Монголын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.
Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн-ы ивээл дор Монголын ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай хэрэгжүүлсэн “Үдийн хоол” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өрнүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах монголын талын саналыг тайландын тал дэмжиж буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд байгуулах баримт бичгүүдийн тохиролцох яриа хэлэлцээг эрчимжүүлж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулахаар тохиролцов. Хуралдаан найрсаг уур амьсгалд, ажил хэрэгч, үр бүтээлтэй болж өндөрлөсөн бөгөөд талууд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит III хуралдааныг 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.