УИХОнцлох

Сэтгүүлчид УИХ-ын хяналт шалгалтын талаар судалж байна

Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтад оролцож буй сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын албан хаагчдад өнөөдөр (2023.06.04) Улсын их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан “Ард түмний төлөөллийн байгууллага ардчилсан парламент” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ, дэлхий дахины парламентын ардчилалд тулгарч буй сорилт, бэрхшээл, Олон улсын парламентын холбооноос тогтоосон ардчилсан парламентыг илэрхийлэх шалгуур үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улсын Их Хурлын бодлого, стратеги, олон улсын парламентын шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа байдал зэргийг тоймлон дурдав.

Ардчилсан парламент, түүний үүрэг хариуцлага, олон нийтийн, тэр дундаа сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр явуулж байна. Сонгон шалгаруулалтын үндсэн дээр “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллага сургалтын үйл ажиллагааг гүйцэтгэн, зохион байгуулж байна.

Залуу сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулж буй энэхүү сургалтын цогц үйл ажиллагаа нь хоёр өдрийн танхимын сургалт, гурван долоо хоногийн бямба гаригийн зочны лекц, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах болон сэтгүүл зүйн бүтээл туурвих гэсэн бүрдлүүдээр үргэлжлэх юм.

Үндсэн сургалт буюу хоёр өдрийн танхимын сургалт (2023.06.03) эхэлж, Монгол Улсын төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл, парламентын ардчилал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын үүрэг, хариуцлага, эрх зүйт ёс, Үндсэн хуулийн эрх зүй зэрэг өргөн хүрээтэй сэдэв, агуулгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор А.Бямбажаргал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор Д.Гангабаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн, Улсын дээд шүүхийн шүүгч, доктор Ц.Цогт, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Д.Сүнжид нар хичээл орлоо.

“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтын зорилго нь Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, түүний үзэл баримтлал, парламентын хяналт, шалгалтын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангахын ач холбогдол, үнэ цэн, энэ талаарх сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, улмаар олон нийтэд уг мэдлэгийг түгээхэд чиглэж буй юм.

Иймд сургалтад хамрагдаж буй сэтгүүлчид дээрх хууль, түүний хэрэгжилт, үр дүн, цаашилбал, парламентын ардчилал, иргэдийн оролцооны талаар сэтгүүл зүйн бүтээл туурвиж, олны хүртээл болгох юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close