Гадаад харилцааОнцлох

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаан боллоо

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаан /2023.05.26/ Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг Монгол Улсын Сангийн сайд, комиссын монголын хэсгийн дарга Б.Жавхлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд, комиссын казахстаны хэсгийн дарга Д.Кыдырали нар ахалж оролцов.

Хуралдааны үеэр талууд Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн сацуу тээвэр логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал, мэдээлэл технологи зэрэг өргөн хүрээтэй салбарт харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов.

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглалыг байгуулахаар тохиров.

Хоёр улсын хамтын ажиллагааны чухал хэсэг болох хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Казахстаны эрт болцтой, ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг Монгол Улсад турших, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах, Монгол Улсаас Казахстан Улс болон тус улсаар дамжуулан бүс нутгийн гуравдагч улс орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсад Казахстан Улсын цагаан будаа тариалалтын туршлага, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Казахстан Улсаас “казахын цагаан толгойт” үүлдрийн үхрийг Монгол Улсад нийлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болов. Эдгээр ажлыг үр дүнтэй гүйцэтгэх үүднээс Засгийн газар хоорондын комиссын дэргэд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулахаар тохиролцов.

Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг болох тээвэр, логистикийн асуудалд онцгой анхаарал хандуулж, далайд гарцгүй орнуудын хувьд далайд хүрэх замд дамжин өнгөрөх улс оруудын тээвэр, худалдааны саад, тотгорыг бодитойгоор арилгах чиглэлд бие биенээ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллахаар болов.

Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Казахстан Улсын дэвшүүлэн “Хоёр тэрбум мод” тарих хоёр улсын санаачилгыг уялдуулан мод үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцохоор тохиролцов.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан хоёр улсын хоорондын шууд нислэг, харилцан визгүй зорчих давуу талыг үр бүтээлтэй ашиглан аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр болов. Мөн хоёр улсын хооронд аялал жуулчлалын урсгалыг харилцан нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, аялал жуулчлалын олон улсын хамтарсан арга хэмжээнд оролцох, эко болон угсаатан зүйн аялал жуулчлалын чиглэлээр мэдээлэл, туршлага солилцохоор тохиров.

Талууд шинжлэх ухаан, археологийн судалгаа, нүүдэлчний өв соёлыг хадгалж, хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов. Түүх, соёлын хэлхээ холбоо, нийтлэг үнэт зүйлстэй хоёр улсын хувьд соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр санал солилцов.

Тухайлбал, Астана дахь Олон улсын Түрэг академийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хамгаалах, олон улсад сурталчлан таниулах чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцож, түүхийн музей хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, хамтарсан үзэсгэлэн гаргах, судалгаа хийх, мэргэжилтэн солилцох чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Хоёр улсын бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх хүрээнд Монгол, Казахстаны Ажил хэргийн зөвлөл байгуулах, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар болов.

Түүнчлэн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд байгуулах баримт бичгүүдийг тохиролцох яриа хэлэлцээг эрчимжүүлж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулахаар тохиролцов.

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай протоколд монголын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан, казахстаны хэсгийн дарга, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Д.Кырырали нар гарын үсэг зурав.

Хуралдааны хүрээнд хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Казакстан Улсын Экологи, байгалийн баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үзэг зурав.

Хуралдаан ажил хэрэгч, үр бүтээлтэй, найрсаг уур амьсгалтай болж, ээлжит Засгийн газар хоорондын комиссын X хуралдааныг 2025 онд Астана хотноо зохион байгуулахаар тогтов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close