Гурван улсын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган болно
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Худалдаа, эдийн засгийн XVI нэгдсэн чуулган болно.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас тус гурван талт чуулганыг 2023 оны зургаадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ удаагийн чуулганд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн нар, ОХУ-ын ХАҮТ болон тус улсын манай улстай хил залгаа бусад муж, улсуудын ХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо, ӨМӨЗО болон бусад муж, хотуудын салбар танхимын гишүүд зэрэг гадаадын нийт 300 гаруй төлөөлөгч, Монголоос 300 орчим бизнес эрхлэгч оролцох аж.
Чуулганаар гадны төлөөлөгчид хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, экспорт, хөнгөн үйлдвэр, чөлөөт бүс, аялал жуулчлал, тээвэр логистик, уул уурхай, хүнд үйлдвэр, барилга, дэд бүтэц сэдвийн хүрээнд хоёр өдрийн турш Монгол Улсын бизнес эрхлэгчидтэй өргөн хэмжээний хэлэлцүүлэг болон ганцаарчилсан B2B уулзалтуудыг хийх юм байна.