“Төсөөллийн ой” төслийн хоёр дахь шат өнөөдөр эхэллээ
БНСУ-д төвтэй “Ногоон Ази сүлжээ” ОУТББ-ын дэргэдэх Монголын ойн аж ахуйн сургалтын төв нь БНСУ-ын KT&G Нийгмийн халамжийн сангийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад 2017 онд байгуулагдан, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус сургалтын төв нь ” Ногоон Ази сүлжээ” ТББ-ын орон нутаг дахь ойжуулалтын талбайн ажилчид, нийслэл, орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлт, ойжуулалт, мод үржүүлэг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, нөхөрлөл, хоршооны сургалтуудыг зохион байгуулж ирлээ.
2021 оноос хэрэгжүүлсэн “Төсөөллийн ой” төслийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор ойн төгөл байгуулах, гэр хорооллын 1,000 өрхөд жимс (чацаргана), гоёлын модны суулгацыг хүлээлгэн өгч, иргэдэд мод тарих, арчлах сургалтыг зохион байгуулж байна.
Төслийн 2 дахь шат болох 2023 оны хаврын арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Энэ удаад нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хороо болон Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны ЗДТГ-тай хамтран, тус хороодын 500 өрхийг хамруулж сургалт өгч, салхины хамгаалалтын болон үхрийн нүдний суулгацыг хүлээлгэн өгөв.
Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламж, тохижилт хийж, иргэдийн чөлөөт цагаа аятай тухтай, зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллалаа.
Тус талбайд нийт 200 ширхэг нарс, голтбор тарьж, хашаалан, сүүдрэвч, сандал суурилуулан, арчилгаа хамгаалалд шаардлагатай усалгааны тоног төхөөрөмжүүдийг харьяа хороонд нь хүлээлгэн өгсөн юм.
Арга хэмжээнд KT&G Нийгмийн халамжийн сангийн сайн дурын ажилчид, хороодын иргэд хамтран оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэдийн оролцоо, хандлагыг нэмэгдүүлэх, экологийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд бага ч болов хувь нэмэр оруулна хэмээн харж байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, “Ногоон Ази сүлжээ” ОУТББ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор Монголд орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн ойжуулалт хийж, нөхөрлөл, хоршоог байгуулан 20 орчим жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн олон улсын ашгийн төлөө бус байгууллага юм.
Эдүгээ Архангай, Булган, Дундговь, Төв аймгууд, нийслэл хот зэрэг нийт 9 газрын 850 орчим га талбайд ойжуулалт хийж, 150 орчим иргэдийг ажлын байраар хангаж байна.
Монгол оронд цөлжилтийг сааруулах, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагаа нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний жишиг загвар болохуйц ажил болсон юм.
Ногоон Ази Сүлжээ ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар