Эдийн засагFocus

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулна

Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хууль,Компанийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 123 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЕРДИЙН ГИШҮҮНИЙ ТОО – 5

НЭГ. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

2. Банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

3. Ял шийтгэлгүй байх;

4. Төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;

5. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

6. Банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк болон бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан эсхүл түүний холбогдох этгээд бус байх.

7. Зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

8. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх;

9. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх; /Төрийн байгууллагын албан хаагчдад хамааралтай/

10. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, банкны зорилго, ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах чадвартай;

11. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;

12. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;/Төрийн байгууллагын албан хаагчдад хамааралтай/

13. Төрийн өмчит компанийн ажил, үйлчилгээг хүлээн авах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсхүл тус компанид ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулах зэрэг байдлаар банктай харилцах замаар их хэмжээний хэлцэл байгуулсан аливаа этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш байх;

14. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компани /Хөгжлийн банк/-ийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

15. Монгол Улсын Хөгжлийн банктай бизнесийн аливаа холбоогүй байх;

16. Банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;

17. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан бол давуу тал болно.

ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Төрийн албан хаагчийн анкет, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, гурван үеийн намтар;

2. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3. 4х6 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;

4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа; /E-Mongolia/

5. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;

6. Оршин суугаа газрын тодорхойлолт;

7. Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа; /E-Mongolia: 1. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, 2. Цагдаагийн тодорхойлолт, 3. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт/

8. Монголбанкнаас “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” болон “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай тодорхойлолт;

9. Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” лавлагаа, “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” тодорхойлолт.

10. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;

11. Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа;

12. Захиргааны хэргийн шүүхийн лавлагаа;

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж, Засгийн газрын II байр, Сангийн яам, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Т.Золзаяа, Утас: 267246

ДӨРӨВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын цагаар хүлээн авна. Материалыг битүүмжлэн ирүүлэх шаардлагатай.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close