АНУ руу шууд нислэг хийх бэлтгэл ажлыг шуурхайлна
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Хойд Азийн бүс хариуцсан ахлах төлөөлөгч Ноэл Арбис, гадаад харилцааны мэргэжилтэн Ёлында Кю нартай уулзлаа.
Уулзалтаар хоёр тал Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлыг шуурхайлахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Монголоос АНУ руу шууд нислэг хийх талаар 2002 оноос хойш яригдаж ирсэн юм. Өнгөрсөн жилээс шууд нислэгтэй болох шат дараатай ажил урагшилж байна.
Хоёр улсын хооронд “OPEN SKY” хэлэлцээрийг үзэглэсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-д айлчлах үеэр хэлэлцээрт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх талаар ЗТХЯ-наас мэдээллээ.
Нэмж мэдээлэхэд, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй ЗТХЯ, ИНЕГ, “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчид энэ оны 1 дүгээр сарын 22-27-нд Вашингтон хотноо ажиллаж, Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах талаар АНУ-ын Төрийн Департамент, Тээврийн яам, Тээврийн аюулгүй байдлын газар болон Холбооны нисэхийн захиргааны албан тушаалтнуудтай нарийвчлан ярилцсан юм.