МБАНХОнцлохОрон нутаг

Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын 155 хэсэг гэрээ байгуулан бэлчээрээ хамгаалж байна

Завхан аймгийн малчид Бэлчээр ашиглагчдын хэсгүүдээрээ дамжуулан бэлчээрээ хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хийж байна.

Завхан аймгийн 24 сумын малчдын 80 гаруй хувийг бэлчээр ашиглагчдын зохион байгуулалтад оруулж, гэрээ байгуулж чадсан байна. Гэрээ байгуулснаар малчид бэлчээрийн сэлгээ нүүдлийг маш сайн хийдэг болсон. 

Монголын нүүдлийн мал аж ахуйн стандартыг гаргаж, Улсын стандартчлал хэмжилзүйн газраар баталгаажуулан, “Хариуцлагатай нүүдэлчид” гэж нэрлээд цахим системээр бүртгэж, олон улсын зах зээлд Монголын нүүдлийн мал аж ахуй нь байгальд ээлтэй, мал амьтны тавлаг байдлыг хангасан бүтээгдэхүүн гэж танилцуулах боломжтой болсон байна.

Энэ ажлыг хэрэгжүүлж, үр дүнд хүрэхэд ногоон алт малын эрүүл мэндийн төсөл, 17 жилийн хугацаанд аймаг, сумын удирдлагууд, сумын мэргэжилтнүүд, аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, сумдын бэлчээр ашиглагчдын холбоо Ус цаг уур, Газрын харилцаа, Мал эмнэлэг гээд бүхий л салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллажээ.

Газрыг зөвхөн бэлчээрийн зориулалтаар ашигладаггүй. Манай орны газар зүйн байрлал, хөрсний бүтэц, хур тунадасны хэмжээ, нарны тусгал, салхины урсгал гээд бүхий л талын хүчин зүйлээр өөрчлөгддөг эко систем.

Энэ бүхнийг малын бэлчээрээр ашиглахаас гадна амьсгалж байгаа агаар, ууж байгаа цэвэр усаа хамгаалах, амьдарч байгаа орчноо хамгаалах ёстой.

Бэлчээр нутаг буюу байгалиас заяасан бэлчээрийг хамгаалах хэрэгтэй. Хэрвээ цөлжөөд доройтох юм бол хэзээ ч ямар ч орчин үеийн технологи ашиглаад унаган төрхөөрөө сэргэдэггүй аж. Малын хөлийн ачааллаа зөв тооцож, хариуцлагатай малчин байж тооноос чанарт анхаарч ажиллахыг бэлчээр ашиглагчдын холбоод, хэсгүүд хамтран хийж буй юм гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Завхан аймгийн 23 сумын 6919913 га бэлчээрийн газарт фото мониторинг хийсэн.

Аймгийн хэмжээнд 440 цэгт бэлчээрийн мониторингийн судалгаа хийж, түүнийгээ үндэслээд бэлчээрийн даацын үнэлгээг гаргадаг.

2022 онд Тосонцэнгэл суманд долоон цэг, Их-Уул суманд зургаан цэгийг шинээр байгуулсан. Харин мониторингийн цэгээ өтгөрүүлэх зорилгоор, Дөрвөлжин, Түдэвтэй, Цагаанхайрхан гэхчлэн сумуудад цэгийн тоог нэмж, аймгийн хэмжээнд 26 цэгийг шинээр нэмсэн байна. 

Аймгийн хэмжээнд 23 сумын 181 бэлчээр ашиглагчдын хэсэгтэй, үүний 155 нь бэлчээрийн гэрээ байгуулж, 109 нь Монгол Улсын газрын нэгдмэл сан буюу LM системд бүртгэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, 440 цэгт 6919913 га бэлчээрийн газрыг төлөөлүүлэн мониторингийн цэгийг ажиллуулж байна. 2022 онд бэлчээрийн газрын фотомониторингийн үр дүн болон бэлчээрийн сэргэх чадавхид үндэслэн бэлчээрийн төлөв байдлын гурав, дөрөв, тавдугаар ангиллын доройтсон газруудыг тодорхойлоод байгаа юм.

Бэлчээрийн төлөв байдлын энэ тодорхойлолтод үндэслэн тухайн сум, орон нутгийн онцлог, амьдралын хэвшил, байгаль цаг уурын онцлогт тохирсон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 17 сум бэлчээрийг хамгаалах, өнжөөх ажлыг үр дүнтэй хийсэн байна.

Тухайлбал, бэлчээр чөлөөлөх, усжуулах, өнжөөх, сэлгэх, хортон мэрэгчтэй тэмцэх зэрэг ажлуудыг тухайн жилийн сумын газар зохион зохион байгуулалтын төлөвлөгөөнд нь заавал тусган батлуулж, хэрэгжилтийг нь хангуулан ажилласан. Ингэснээр малчид, тухайн сум, багийн шийдвэр гаргагчид, мэргэжлийн байгууллагууд хамтран бэлчээр хамгаалах ажлыг илүү үр дүнтэй болгосон гэж Завхан аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.

Завхан аймаг 82.4 мянган км2 газар нутагтай. Үүний 84 хувь нь бэлчээр. Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн судалгаагаар нийт бэлчээрийн 75 хувь нь байгалийн унаган төлөвөө алдаж бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрч ургалт багасжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн нийт бэлчээрийн даац 1.2-3.9 дахин хэтэрсэн байна. Бэлчээрийн доройтлын түвшин ч харилцан адилгүй байна.

Б.Мягмарсүрэн

Эх сурвалж: Montsame.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close