Байгаль орчинFocus
Бүрэнгийн нуруунаас бууж ирсэн хүрэн баавгай бог мал барьж иджээ
Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Доод эвэртэй” гэдэг газарт Бүрэнгийн нуруунаас бууж ирсэн хүрэн баавгай энэ оны дөрөвдүгээр сарын 21-22-нд удаа дараа бог мал барьж идсэн тохиолдол гарчээ.
Байгаль орчин ачлал жуулчлалын яамнаас ард иргэдэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгөв. Үүнд:
- Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтэнд хандах;
- Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
- Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд; эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх;
- Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;
- Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт;
- Машин, мотоцикл, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
- Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
- Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикл, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;
- Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
- Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах;
- Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараахыг зөвлөжээ.
Яаралтай тохиолдолд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэн, мэдээлэл солилцон ажиллах боломжтой.