Монгол Улсын Их Хурлаас өнөөдөр (2023.04.26) Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, хэдхэн сарын өмнө болсон Зөвлөлдөх санал асуулга, түүнээс гарсан Зөвлөмжийн агуулгыг сануулж, иргэд, олон нийтээс Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлэх, тэр дундаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг шинээр, Улс төрийн намын тухай, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэн батлах, парламентын ардчилал, улс төрийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлага тавьсныг онцолсон юм.
Мөн тэрбээр, парламентын засаглал, улс төрийн нам хоёр бол хүйн холбоотой, салшгүй хэсгүүд гэдгийг дурдаад, улс төрийн намууд засгийн эрхийн төлөө сонгуульд оролцох гэж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж, нийгмийн хэсэг, бүлгүүдийн үзэл бодол, саналыг төлөөлөх гэж ажилладаг. Иймд Сонгуулийн тухай хуулийг олон нийт, нийгмийн хэсэг бүлгийг төлөөлөх чадавхыг хангахад чиглүүлэн боловсруулж, батлах ёстой.
Манайхан улс төрийн намыг хүн амын төлөөлөл, ард иргэдийн төлөөлөл байх ёстой гэж үздэг. Энэ бол туйлын зөв. Гэхдээ нөгөө талаас геополитикийн өнөөгийн нөхцөлд бид нутаг дэвсгэрийн төлөөллийг орхигдуулж болохгүй. Зөвхөн хүн амаа дагавал Улаанбаатар хот улс болж хувирна. Хүн амын 50 хувь нь Улаанбаатарт оршин сууж байна. Үүнийгээ дагаад хүн амын төлөөллийг сонгоно гэвэл Улаанбаатарт л илүү төсөв, мөнгө хуваарилагдана. Улаанбаатарын түгжрэл нэмэгдэнэ, Улаанбаатар улс болж хувирна.
Алслагдсан газар нутаг маань эзгүйднэ. Ингэх юм бол хөдөө, орон нутаг, хил хязгаараа хэн манаж, хамгаалах вэ? Газар бол улсын үндэс. Тийм учраас тусгаар тогтнолын үндэс ч гэж болно. Тэгэхээр нутаг дэвсгэрийг орхигдуулж болохгүй. Энэ зарчмуудыг сайтар бодолцож сонгуулийн тогтолцоогоо улс орны аюулгүй байдал, ардчиллын зарчим, үндэсний онцлог, газар зүйн байршил, геополитикийн нөхцөл байдал, үндэсний аюулгүй байдлыг бодолцож, уялдуулж хийх ёстой гэсэн юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хэлэлцэн буй хуулийн төслүүдийг боловсруулсан үйл явц, туссан зарчмын өөрчлөлт, онцлог, давуу талын талаар товч танилцуулж, улс төрийн намууд нийгмээ манлайлагч, соён гэгээрүүлэгч хүчин байх үүргээ ухамсарлахгүй байгааг анхаараад, хэлэлцүүлэгт оролцож буй улс төрийн 36 намын удирдлагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдад парламентын ардчиллыг бэхжүүлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн тогтолцоогоо төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриаллаа.
Дараа нь тус хэлэлцүүлгийг санаачилсан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа үг хэлж, 2021-2022 онд улс төрийн намуудын оролцоотой явуулсан хэлэлцүүлгүүдээр гарсан бүх санал Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан гэдгийг онцолсон юм.
Төсөлд сонгуулийн мажоритар системийг халж, холимог системийг хуульчлахаар тусгасныг тэрбээр цохон дурдаж, энэ бол улс төрийн тогтолцооны шинэчлэлийн түлхүүр шийдэл болохыг тэмдэглэв.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд удирдан явуулсан юм. Тэрбээр хэлэлцүүлгийн хөтөлбөрийг танилцуулж, хэлэлцэж буй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг уг төслийн талаар танилцуулахыг урив.
Тус ажлын хэсэг болон Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс тус бүр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлсэн тухай тэрбээр дурдаад, энэ хоёр төслийн үндсэн концепц ижил тул хамтатган хэлэлцэхээр шийдвэрлэсэн талаар мэдээлэв.
Төслүүдэд сонгуулийн тогтолцоог хосолсон буюу холимог байх үндсэн системийг ижил тусгасан бөгөөд тойргоос болон жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог Ажлын хэсэг 38/38, АН-ын бүлэг 48/28 гэсэн харцаатай байхаар, эмэгтэйчүүдийн нийт нэр дэвшигч дотор эзлэх хувийг Ажлын хэсэг 30 хувь, АН-ын бүлэг 40 хувь байхаар тус тус санал гаргасан байна.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа хуулийн төсөлд оруулж буй онцлог зохицуулалтуудыг танилцуулсан юм. Төсөлд, нэг намын саналын босго 3.0 хувь, хоёр нам бүхий эвслийн босго 5.0 хувь, гурав болон түүнээс олон нам бүхий эвслийнх 7.0 хувь байх, мөн жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй, намууд тойргийн мандатын 50 доошгүй хувьд нэр дэвшүүлэх, жагсаалтад нэр дэвшигчдийн нэрсийг 1:1 гэсэн дарааллаар бичих, сонгогчид жагсаалт дахь нэг нам, эвсэлд, эсхүл жагсаалтаар нэр дэвшигчээс нэгийг сонгож саналаа өгөх, нэр дэвшигчид өгсөн саналыг тухайн нам, эвслийн саналд тооцох, тойрогт нэр дэвшигч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авах, жагсаалтаар нэр дэвшигчид гадаад улсад байгаа иргэдээс санал авах, сонгогчдын нэрийн жагсаалт ил тод байх, сурталчилгааны хугацаа 17 хоног, нийслэл, аймгийн төвд 400, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагч ажиллах, нэр дэвшигчийн сонин, сэтгүүлийн хэмжээ хоёр хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй, ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас байх, аймаг, дүүргийн нэг хэсэгт тав, бусад газарт гурван зурагт самбар байрлуулах зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг тусгаж байгаа талаар танилцууллаа.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөлд улс төрийн намуудыг хариуцлагажуулах, бодлогын институт болгож төлөвшүүлэх, санхүүжилтийн болон намын ил тод, нээлттэй байдлыг хангах, тэгш оролцоог хангах, дотоод ардчиллыг бэхжүүлэхтэй холбоотой онцлог зохицуулалтууд орсныг тэмдэглэв.
Тухайлбал, намуудыг хариуцлагажуулах талаар сонгуулийн төв байгууллага намын тайланг нягтлан шалгаж, Улсын Их Хуралд тайлагнаж байх, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй, санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан тайлагнаагүй, намын удирдах дээд байгууллагыг таван жилийн хугацаанд хуралдуулаагүй тохиолдолд тухайн намыг идэвхгүйд тооцох зэрэг зарчмын зохицуулалтыг тусгасны дээр улс төрийн намын эрх, үүрэг, намын үйл ажиллагаанд хориглох зүйл, гишүүний эрх, үүрэг, баталгаа зэргийг тогтоож өгчээ.
Нийт сонгогчдын 2.0-оос дээш хувийн дэмжлэг авсан намд төрийн санхүүжилтийг хуваарилахаар, үүний 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог дэмжихэд, 15-аас доошгүй хувийг олон нийтийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд, 15-аас доошгүй хувийг бодлогын судалгаа хийх, намын бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, дотоод ардчиллыг хөгжүүлэхэд зарцуулахаар заасан байна.
Түүнчлэн, нам дэргэдээ бодлогын судалгааны байгууллагатай байх, намын үйл ажиллагаанд хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдал хангагдаж байгаа эсэхийг үнэлэх нэгж ажиллах, санхүүжилтийн тодорхой хувийг иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, бодлогын судалгаа хийх, хөтөлбөр боловсруулахад зарцуулах, намд хувь хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин, хуулийн этгээд 50 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээр илүү хандив өгөхгүй байх, хандив болон аудитын дүгнэлтийг нээлттэй мэдээлэх зэрэг нарийвчилсан заалтуудыг тусгажээ.
Тэгш оролцоог хангах үүднээс намын удирдах, гүйцэтгэх болон хяналтын бүтцүүдэд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байх, сонгууль болон томилгоонд нэр дэвшүүлэх хүмүүсийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн байх, квотоос илүү гаргаж нэр дэвшүүлсэн тохиолдолд урамшуулах, мөн нам гишүүн болон дэмжигч гишүүнтэй байх зохицуулалтуудыг оруулж, улс төрийн намыг шинээр бүртгүүлэхдээ Сонгуулийн төв байгууллагад нягтлан шалгуулах, тус байгууллага намын үйл ажиллагаанд хяналт тавихаар тусгасан байна.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх Засгийн газрын саналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм.
Засгийн газар хуулийн төслүүдийг дэмжиж буйг тэрбээр илэрхийлээд, улс төрийн намын эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ олон намын тогтолцоо, парламентын ардчиллын үнэт зүйлсийг хадгалах ёстой гэсэн байр суурьтай байгааг онцолж, Ерөнхийлөгчийн санаачлан, өргөн мэдүүлсэн төсөлд энэ бүхэн хадгалагдсаныг сайшаав.
Тэрбээр, иргэд, олон нийтээс тавьдаг намуудын үүрэг хариуцлагыг сайжруулах, чадамжтай байх, бодлогын түвшинд ажиллах чадавхтай болж институтчилэгдэх зэрэг шаардлагууд төсөлд бүрэн туссан байна гэж Засгийн газар үзсэнийг хэллээ.
Өнөөдөр зөвхөн Улсын Их Хуралд суудалтай намуудад төрөөс санхүүжилт олгож байгаа нь суудал авч чадаагүй ч иргэдийн дэмжлэгийг авдаг улс төрийн хүчний төлөвшил, бизнесийн бүлэглэлээс хараат бус байх асуудалд хүндрэл үүсгэдгийг тэрбээр онцолж, хуулийн төсөлд сонгогчдын 2.0 хувийн дэмжлэг авсан нам Улсын Их Хуралд суудал аваагүй ч санхүүгийн дэмжлэг хүртэх боломжийг нээж буй нь онцлог юм гэлээ.
Сонгуулийн мажоритар тогтолцоо үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь олон жишээгээр нотлогдсоныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулгадаа дурдаад, эрх баригч МАН сонгогчдын 45 орчим хувийн саналыг авсан хэрнээ парламентад 80 гаруй хувийн суудал авч байгаа нь иргэдийн санал маш их гээгдэж буйг харуулж буйг жишээлэн өгүүлэв.
Цаашлаад, жижиг тойргоос хамаарсан 76 гишүүн, тэднээс хамаарсан төрийн бодлого хэрэгжиж буй нь учир дутагдалтай хэмээгээд, Улсын Их Хуралд бүх талын төлөөллийг хангах үүднээс жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь аль нэг хүйсийнх байх саналыг Засгийн газраас өгсөн гэдгийг дурдав.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулгынхаа төгсгөлд, Улсын Их Хурлын 2022 оны 54 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар товч танилцуулав.
Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчид Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд баталгаатай хамгаалагдчихсан байсан улс төрийн намуудын аюулгүй байдлыг муутгасан, багахан мөнгө өгөөд хариуд нь Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан мэдээллийн баазыг нь авах, намын үйл ажиллагааг түдгэлзүүлэх зэрэг зохицуулалт оруулж ирсэн нь буруу гээд намыг дотоод дүрмээрээ зохицуулж болох асуудлыг хуульчилсан байна гэсэн юм. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, хоёр хуульд улс төрийн намууд гэхээсээ Монголын нийт иргэдэд таалагдахгүй олон заалт байгааг эргэн харах, намын дотоод хэрэгт хэт их хутгалдсан байгааг хязгаарлах, намын бүртгэлийг олон дамжлагатай болгосныг залруулах зэрэг санал хэлсэн юм.
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд улс төрийн намын бүртгэлийг хялбаршуулах, улс төрчид, бизенс эрхлэгчдийн нэр хүндийг хамгаалах, сонгогчдын үүргийг хуульчлах, сонгуулийн байгууллага болон цагдаа, хүчний байгууллага хяналт тавьж болохгүй, Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг санал хэлсэн бол Социал демократ намын дэд дарга Д.Энхзаяа, иргэд улс төрийн намд сайн дураараа эвлэлдэн нэгдэх тухай Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх, хяналтын тооллогыг сонгуулийн санал хураалт явагдсан өдрийн орой, нээлттэй тоолдог байх, тойргийн болон жагсаалтын нэр дэвшигчдийн саналын босгуудын үр дагавар тооцох шаардлагатай гэлээ.
Үндсэн хууль тогтоогчдын нэг, “иргэн” Д.Ламжав, улс төрийн нам ашгийн төлөө бус байх, намуудын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороо хийдэг байх, санхүүжилтийг хуваарилах зохицуулалтыг хялбаршуулах, саналыг хуудас цэгцтэй байхад анхаарах зэрэг санал хэллээ.
Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа, “хар машин”-ы тухай заалтыг хуулиас хасах, үндэсний нэгдмэл байдлыг хангахад анхаарах шаардлагатай гэсэн бол ХҮН-ын Нарийн бичгийн дарга Д.Үүрцайх, Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсний дараа бусад хуулийг нийцүүлэн батлах шаардлагатайг дурдаж, нам байгуулахыг хялбарчилж, сонгуульд оролцох үед нь шаардлага, шалгуур тавьдаг байх, сонгуулийн өмнө эвсэл байгуулахыг болиулах, намын дэргэдэх байгууллагуудыг байхгүй болгох, төрийн жинхэнэ албан хаагчдын улс төрийн оролцооны эрхийг хязгаарлахаа болих, төрийн санхүүжилтийг намын өөрийнх нь олсон орлогоос ихгүй байх гэж хуульчлах зэрэг санал гаргасан юм.
Мөн тэрбээр Үндсэн хуульд, Ерөнхий сайд Улсын Их Хурлыг тараах санал оруулах эрхтэй байхаар тусгах шаардлагатайг онцолсон юм. МҮАН-ын Нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хуулийн төсөлд тарааж тавьсан хориглох заалтуудыг нэг бүлэг болгох, улс төрийн нам үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглох, санхүүжилтийг олон ангилахгүй байх, үйл ажиллагааны дэмжлэгийг хуульчлах зэрэг санал хэлэв. Мөн намуудыг татаж унагах гох дэгээ болох заалтуудыг хасах шаардлагатай гэсэн юм.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн З.Нарантуяа хэлэлцэж буй хуулийн төслүүдийн боловсруулахдаа нийгэмд гарах үр дагавар, нөлөөллийг хэрхэн судалсан болон хууль батлагдсаны дараа Улсын Их Хурал олон намын оролцоо төлөөллийг хангасан, олон ургалч үзлийг ярьдаг, тэнцвэртэй оролцоотой парламент болж чадах, эсэх талаар асууж, өнөөдрийн хэлэлцүүлж байгаа төслийг баталснаар ийм үр дүн гарна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлэн, төрөөс улс төрийн намуудыг хэтэрхий хянадаг болгох зохицуулалтууд туссанд харамсаж байна гэлээ.
Түүнчлэн, Ард түмний олонхийн засаглал намын дарга А.Батдорж, Монголын хүний төлөө намын дарга Б.Амарсайхан, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, ШИНЭ намын дэд дарга Р.Ууганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал, Бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо, МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, Бага хурлын гишүүн Б.Баярмагнай, Уламжлалын нэгдсэн намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өнөрбаяр, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Гарамгайбаатар нар үг хэлж, намын гишүүнчлэл, бүртгэл, бүтэц, санхүүжилт, хяналт, үйл ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалт болон намуудын төлөвшлийг дэмжих, мөн сонгуулийн сурталчилгаа, санал тоолох “хар машин”, саналын хуудас, босго, квоттой холбоотой асуудлуудаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчдын асуулт, саналд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд нар хариулт өгч, тайлбар хийлээ.
Хэлэлцүүлгийг хаахдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улс төрийн байгуулалтын хувьд нэгдмэл гэдгийг онцолж, 2022 онд бүх намууд цуглаж өнөөдөр хэлэлцсэн хуулиудын концепц, үзэл баримтлалын асуудлаар тунхаг бичиг гаргаж, гарын үсэг зурсныг сануулсан юм.
Мөн хэлэлцүүлэгт оролцогчдоос өнөөдөр гаргасан саналуудыг бүлэглэж, томъёолон Ажлын хэсгээр ярьж, улмаар Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна. Хамгийн их яригдсан асуудлуудаар шаардлагатай гэж үзвэл дахин хэлэлцүүлэг явуулах боломжтой гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.