Үндэсний үйлдвэрлэгч ААН-үүд “Хүнсний хувьсгал”-д нэгдсээр байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “МонЛабел” ХХК-д /2023.04.14/ ажиллалаа.
2004 онд байгуулагдсан тус компани бүх төрлийн хүнс, ус, ундаа, ахуйн болон гоо сайхан, бусад бүтээгдэхүүний хаяг, шошго, баглаа, боодол үйлдвэрлэдэг.
2011 онд Лондон хотноо “Олон улсын чанарын алтан титэм”-ийг салбартаа анх удаа авч, 2019 онд ISO 9001:2015 олон улсын чанарын тогтолцоо нэвтрүүлжээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдаж, анхан шатны түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөснөө “МонЛабел” ХХК-ийн захирал Н.Батмөнх танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Ханбогд Кашимер” ХХК-д ажиллав.
Тус компанийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг ангилан ялгах, угаах дамжлага, самнах, сүлжих болон зөөлөн оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаагаа товч танилцууллаа.
Тус компани 500 гаруй ажилтантай бөгөөд 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд юм байна. Жилд 1,500 гаруй тонн ноолуур боловсруулж, 200,000 ширхэг сүлжмэл, 150,000 ширхэг нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд ноолуурын экспортоор тэргүүлэгч аж ахуйн нэгжийн нэг болж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж иржээ.
Харилцагч малчдад малын хивэг, тэжээл нийлүүлж, малыг нь вакцинжуулалтад хамруулахаас гадна хүүгүй зээл өгч хамтран ажилладаг. Ноолуураа самнаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 4,000 ажлын байр бий болж, 600 сая ам.долларын орлого олох боломж байгаа тухай гүйцэтгэх захирал Ч.Ганцэцэг хэлэв. Тус компани ойрын хугацаанд Итали Улсын хөрөнгө оруулалтаар хамтарсан хоёр үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.