Гадаад харилцааОнцлох

АНУ-тай Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэв

Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга, удирдлагууд АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд “Нисэх буудлын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээнд хамрагдах” бэлтгэл ажлыг хангах талаар АНУ-ын Элчин сайдын яам болон Тээврийн аюулгүй байдлын захиргааны төлөөлөгчидтэй /2023.04.04/  уулзлаа.

Уулзалтын эхэнд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болсон нь Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар тохирч, 2023 оны 01 дүгээр сард үзэглэсэн явдал байлаа. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар манай хоёр улсын хооронд шууд агаарын харилцаа тогтоох, агаарын тээврийг хөгжүүлэх, худалдаа, аялал жуулчлал, иргэдийн зорчих хөдөлгөөнийг таатай нөхцөлөөр хангах боломжуудыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтойг тэмдэглэн хэлж, талархал илэрхийллээ.

Мөн ИНЕГ нь хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг эрчимжүүлэн ажиллаж, АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа /FAA/, АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа /TSA/-тай хамтран Агаарын харилцаа, эдийн засгийн зохицуулалт бүрдүүлэх, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийгдэх олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны IASA аудит шалгалтад хамрагдах болон нисэх буудлын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байгааг хэлэв.

Нисэх буудлын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байгаад АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаанд дахин талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлалаар “Чингис Хаан” ОУНБ-ын аюулгүй байдлын арга хэмжээтэй газар дээр нь танилцаж, манай улсад зохих зөвлөмжийг өгч, практик туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллахыг хүслээ.

TSA-ийн төлөөлөгч Шерри Сото хэлэхдээ “Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хамтран ажилласаар ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Бид энд ажиллах хугацаандаа танай нисэх буудлын үйл ажиллагаа, аюулгүй байдлын үзлэгийг хэрхэн хийдэг зэрэгтэй танилцана. Нисэх буудлын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсаны үндсэн дээр та бүхэнтэй санал бодлоо солилцож, шаардлагатай зөвлөгөөг өгөх болно” гэв.

Эргэн сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга  Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж,  Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close