нитхОнцлох

Хотын 7 бүлгийн 14 стандартыг НИТХ-аар баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар  мөн Хотын стандартыг баталж мөрдүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, үер борооны усны байгууламж, гудамж зам, барилга байгууламжийн хаягжилт, нийгмийн дэд бүтэц, бие даасан инженерийн дэд бүтэц, дуу чимээний бохирдол, барилгын хийц, эдлэхүүн, техникийн талаарх нийт долоон бүлгийн 14 стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өргөн барьсан юм.

Энэхүү төслийг боловсруулахдаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа байгууллага, олон нийтээс санал авчээ. Улмаар оновчтой, үндэслэл бүхий саналыг төсөлд тусгасан гэж Нийслэлийн Засаг даргын зөвлөх  Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.

Төлөөлөгчдийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц болон орон сууцны цахилгаан шатны стандартын асуудлаар  тодруулга авлаа. Мөн баталсан стандартаа хэрэгжүүлж, түүний хэрэгжилтэд хяналт, шаардлага тавьж ажиллах  явцыг анхаарч ажиллахыг үүрэг болгосон  юм. 

Өнөөдрийн байдлаар нийслэлд 134 цахилгаан шатыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байна. Энэ нь иргэдийн хэлдгээр хуучны 9 давхар  орон сууцнуудынх аж. Мөн 800 гаруй  цахилгаан шат насжилт өндөртэй гэсэн ангилалд орж байгааг  Улаанбаатар лифт компанийн удирдлага өглөө.

Гаднын улс орнуудын хувьд цахилгаан шатны  аюулгүй байдал, засвар арчлалт, шинэчлэлтийн асуудлыг даатгалын тогтолцоогоор  шийддэг жишиг байдгийг  дурдсан юм.  Харин манай улсын хувьд нэг цахилгаан шатыг шинэчлэх  үнэ 90-130 сая төгрөгийн хооронд  байдаг бөгөөд,  нийслэлийн төсвөөс бүрэн шинэчлэх боломж байхгүйг хэллээ.   

Дээрх стандартуудыг батлахын өмнө  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  “…Нийслэл хот өнөөдөр баталж байгаа 7 бүлгийн 14 стандартыг нэмэх юм бол 50 гаруй стандарттай болж байна. Зарим хот зөвхөн тухайн хотдоо  үйлчлэх 200 гаруй стандарттай байдаг  бөгөөд ард, иргэдийнхээ ажил  амьдралыг зохицуулдаг дүрэмтэй байдаг. Стандартыг баталж, хэрэгжүүлнэ гэдэг  аль нэг  байгууллага, удирдлагын ажил биш.

Харин олон нийтийн оролцоон дээр тулгуурласан хяналтыг зохион байгуулах ёстой юм. Тэр боломжийг  нь  ажил  хариуцсан байгууллага технологийн дэвшлийг ашиглан бий болгох үүрэгтэй” гэсэн юм. Улмаар 7 бүлгийн 14 стандартыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталлаа. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close