ЭМЯОнцлох

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүний нөөцийн хомсдолын талаар санал солилцов

Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд Дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эмчээ сонсъё” цуврал уулзалтуудыг зохион байгуулсан.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны идэвхтэн гишүүн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж цалин хөлс, нийгмийн хамгаалалтай олон асуудлаар саналыг нь сонсож, тулгамдсан асуудлаар нь ярилцсан. Мөн эмийн салбарынхантай, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхантай уулзсан.

“Эмч, эмнэлгийн мэргэжилтний дуу хоолой” төрийн бус байгууллагаас “Эмчээ сонсъё” хэлэлцүүлгийг “One event hall”-д /2023-03-27/ зохион байгууллаа.

Эрүүл мэндийн салбарын бүх шатлалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтны эрхийг хамгаалах, нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, тушаал шийдвэрийн хэрэгжилт, тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюунчимэг болон ЭМДЕГ-ын төлөөлөл, хот, хөдөөгийн 100 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэлцүүлэгт оролцогчдод хандан сайдаар томилогдож ирснээс хойш хоёр сар гаруйгийн хугацаанд хийсэн ажил, авч буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогынхоо талаар товч мэдээлэл өгсөн.

Тухайлбал, эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах Эрүүл  мэндийн багц хуулиудын уялдаа холбоог ханган шинэчлэн боловсруулахын зэрэгцээ Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, Эд эс эрхтэн шилжүүлэх тухай хууль зэрэг анхдагч хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрүүл мэндийн ажилтны эрсдэл, хариуцлагын даатгалын эрх зүйн орчинг тусган боловсронгуй болгох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран эхлүүлсэн.

Улс орон даяар зохион байгуулж байгаа эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 900 гаруй мянган иргэн хамрагдсанаас давхардсан тоогоор 247 мянга  гаруй өвчний сэжигтэй тохиолдол илэрсний дийлэнх хувь нь сэргийлж болох өвчлөл байгаа нь  цаашид иргэдийг өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байгаа учраас “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хэмжээний цогц арга хэмжээг салбар дунд, иргэний оролцоотойгоор хэрэгжүүлэхээр тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд нэвтрүүлж байгаа гүйцэтгэлийн санхүүжилт цөөн хүн амтай сумдад эмнэлгийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэл хангалтгүй байгаагийн улмаас хүндрэлд орох, шаардлагагүй хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний тоо хэмжээ төрийн өмчийн эмнэлгүүдэд буурахгүй байх, яаралтай тусламж, үйлчилгээнд онош ахиулах хандлага эмнэлгүүдэд гарч байгаа, эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийн тариф хангалтгүй байх, гүйцэтгэлийн санхүүжилтийн дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэнд олгож байгаа урамшууллын хэмжээ харилцан адилгүй байх зэрэг асуудал тулгарч байна.

Тиймээс цаашид нэг иргэнээр тооцсон аргад газарзүйн коэффициентийн тохируулгыг нэмэгдүүлэх, орны тоо хэмжээг бууруулан өдрийн болон гэрийн эмчилгээг дэмжих, зарим шаардлагатай оношийн хамааралтай бүлгийн өртгийг дахин тооцох, оношийн хамааралтай бүлгийн суурь тарифт тохируулга хийх, төрийн өмчит эмнэлгийн үзүүлж чадахгүй байгаа тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр бодлогын тохируулга хийн ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалин урамшууллын тогтолцоо харилцан адилгүй байна. Цалингийн зардлын өсөлт сүүлийн таван жилийн хугацаанд 21,8 хувь өсч 2018 онд 411 тэрбум байсан бол 2022 онд 771 тэрбум болж өссөн статистик үзүүлэлт байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 107-р тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалин болон төрийн үйлчилгээний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг тогтоож салбарын онцлог, гүйцэтгэлд суурилсан үр дүнг харгалзан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг цалингийн доод хэмжээнээс нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр болсон.

Гэвч дийлэнх эрүүл мэндийн байгууллагууд ажилчиддаа урамшуулал олгосон хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилчдын хувьд ялгаатай байдал байсаар байна. Ялангуяа гүйцэтгэлийн санхүүжилтэд хамаарахгүй төсвийн байгууллагууд, захиргааны ажилтнууд, хүн ам цөөтэй алслагдсан сумдын эрүүл мэндийн ажилтнуудын хувьд цалингийн асуудал нэлээдгүй тулгамдаж байгааг шийдвэрлэх зорилгоор ХНХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа зэрэг мэдээллийг С.Чинзориг сайд өгсөн.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүний нөөцийн хомсдол, үүнийг үүсгэж буй цалингийн тогтолцоо, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, ажлын ачааллыг тэнцүүлэх зэргээс гадна гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй холбоотой олон асуудлыг ярьж, тодорхой саналуудыг хэлж байлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close