НийгэмFocus

ТББХ: Зөвлөлдөх санал асуулгын талаар мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2023.03.15/ хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаар мэдээлэл сонсов.

Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаар Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гарах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулахаар шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолыг баталсан билээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 16 дугаар тогтоолыг баталж, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.      

Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрөөр товлосон бөгөөд “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан, хугацаандаа материалаа ирүүлсэн 136 нэр дэвшигчээс 11 нэр дэвшигчийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан юм.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 9.2 дахь хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн дотроосоо нэр дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж даргыг сонгоно” гэж заасны дагуу Зөвлөлдөх зөвлөл анхны хуралдаан (2023.01.09)-аараа хэлэлцэж Зөвлөлдөх зөвлөлийн даргаар Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатарыг, мөн хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөл орлогч даргатай байхаар тогтож, эдийн засагч Б.Отгонтөгсийг тус тус сонгосон.

Зөвлөлдөх зөвлөл нийт 10 удаа хуралдаж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.12 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллалаа. Зөвлөлдөх зөвлөл Төрийн байгуулалтын байнгын хорооноос баталсан Зөвлөлдөх санал асуулгын ерөнхий төлөвлөгөө түүнтэй уялдуулан Зөвлөлдөх зөвлөл, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Үндэсний статистикийн хорооноос тус бүр баталсан нарийвчилсан төлөвлөгөөний дагуу “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулав.

Зөвлөлдөх санал асуулгыг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу хоёр үе шаттайгаар буюу нэгдүгээр шатны санал асуулгыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 2-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулсан юм. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцсон эхний шатны санал асуулгад оролцсон бөгөөд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа найман иргэн цахимаар оролцсон.

Хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 02 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан. Нэг дэх шатанд оролцсон иргэний 50-иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авахаар заасны дагуу Үндэсний статистикийн хорооноос санамсаргүй түүврийн аргаар хоёр дахь шатанд оролцох 801 оролцогчийг сонгосон юм.

Зөвлөлдөх санал асуулгын уулзалтыг нэгдсэн болон хэсгийн хэлэлцүүлгийн хэлбэрээр зохион байгуулж, нийт оролцогчид 15-аас илүүгүй хүнтэй 54 хэсэгт хуваагдан хэсгийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Зөвлөлдөх санал асуулгын асуултыг бэлтгэхдээ УИХ-ын 2022 оны 80 тогтоолын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалтаас гарсан санал, хөндөгдсөн асуудлууд болон иргэний нийгмийн байгууллагаас ирүүлсэн саналуудыг харгалзан үзсэн.

Зөвлөлдөх санал асуулгын асуултыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 4 сэдвийн хүрээнд 22 асуулттайгаар боловсруулан баталсан. Улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын асуултын лавлагаа танилцуулгыг бэлтгэснээс гадна санал асуулгын үйл явцын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ,сурталчлах ажлыг УИХ-ын Тамгын газар зохион байгуулж, санал асуулгын зарчим алдагдаж байгаа эсэхэд Зөвлөлдөх санал асуулгын техникийн хяналтын комисс хяналт тавьж ажиллалаа.

Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын дүнг нэгтгэж тайлангаа Зөвлөлдөх зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд Зөвлөлдөх зөвлөл зөвлөмжөө 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын дарга Занданшатарт хүлээлгэн өгсөн болно.

Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулсан туршлагаас үзэхэд санал асуулга явуулах сэдвийг хэт ерөнхий байдлаар тодорхойлсон, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдлийн талаар үндэслэл бүхий хувилбарыг тусгаагүйн улмаас санал асуулгын асуулт түүний шийдлийг тодорхойлоход Зөвлөлдөх зөвлөл болон шийдвэр гаргах этгээдийн бүрэн эрх чиг үүрэг тодорхой заагдаагүй байдал ажиглагдсаныг тэмдэглэж байна.

Иймд 2017 онд батлан мөрдөж буй Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн зохицуулалтыг цаашид боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн.  Мөн Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээс зөвлөлийн шийдлийн санал асуулгаар хөндөгдсөн асуудлыг шийдвэрлэх холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг л үйл ажиллагааны явцад ажлын хэсэгт орж ажиллах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэлээ.

Зөвлөлдөх зөвлөлийн даргын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гишүүд энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан үр дүн, ач холбогдлын талаар тодруулж байлаа. Мөн орон нутагт амьдарч байгаа иргэдээ дэмжих асуудал, ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хяналт шалгалтын бие даасан тогтолцоог бий болгох асуудал Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжид тусгагдсаныг дурдаад УИХ хууль эрх зүйн хүрээнд ямар зохицуулалт хийх ёстойг лавлаж байлаа.

Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар, Зөвлөлдөх зөвлөлийн зүгээс яг ийм хуулийг ийм агуулгаар өөрчлөн шийдэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргах боломжгүй. Асуудлыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэсэн хариултыг өгсөн. Тэрбээр, зөвлөлдөх санал асуулгын бүх процессын явцад хуримтлагдсан мэдээллийн санд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, зөвлөмжийн заалт бүрийн дагуу ямар хуулиудад ямар үзэл баримтлалын дагуу өөрчлөлт хийх нь зүйтэй вэ гэдгийг тодруулах боломжтой гэсэн мэдээллийг өгсөн.

Гишүүд мэдээлэл авч, байр сууриа илэрхийлсний дараа олонхын саналаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын нэг, хоёр дахь шатны санал асуулгын дүнгээр оролцогчдын олонхын саналаар дэмжигдсэн засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон нийгмийн тулгамдсан асуудлын талаар Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг судлан санал, дүгнэлт боловсруулах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм.

Мөн хуралдаанаар Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталсан. Уг тогтоолд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны 03 дугаар сард Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай”, “Төрийн албаны зөвлөлд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолыг батлахаар тусгажээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close