Жил бүрийн 3-р сарын 15-ны өдөр ОУ-ын хэрэглэгчийн эрхийн өдөр тохиодог. Монгол улсад энэ өдрийг 2008 оноос хойш тэмдэглэж эхэлсэн. 2023 оны хувьд энэ өдрийг “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” сэдвийн дор тэмдэглэж, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахад түлхүү ач холбогдол өгч, хэрэглэгчдэд мэдлэг ойлголт өгөхөөр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байна.
“Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” арга хэмжээг ШӨХТГ, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын амины орон сууц, инноваци хөгжлийн төв хамтран зохион байгуулж оролцлоо.
ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан энэ үеэр “НҮБ-ийн Ерөнхий асамблей 1985 онд 3 сарын 15-ны өдрийг Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэхээр болсон. Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Цэвэр эрчим хүчээр дамжуулж хэрэглэгчийг чадавхижуулах” уриатай өнгөрүүлж байна. Цэвэр эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэгчдэд илүү түгээх, мэдээлэл олгох түүгээрээ дамжуулж уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах гол зорилгыг агуусан. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 90 орчим хувь нь нүүрсээр, 10 орчим хувь нь сэргээгдэх хүчийг ашиглаж багйаа гэсэн тооцоо байгаа. Монгол Улсын барилгын салбар, хөдөө аж ахуйн салбар, хог хаягдлын чиглэлээрх салбаруудтайгаа хамтарч хүлэмжийн хийн бууралтыг 2030 он гэхэд 27.3 хувиар бууруулахаар Парисын хэлэлцээрт үүрэг амлалт авсан. Энэ хүрээнд төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, иргэддтэйгээ нийлж хамтарч ажиллахын илэрхийлэл өнөөдрийн арга хэмжээ юм” гэж онцоллоо.
ЭХЗХ хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэн ажилладаг. Эрчим хүчний хэмнэлтэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хэрэглээгээ хувиарлаж, оройн оргил ачааллын үед хөргөгч, хөлдөөгчөө түр салгах, цэнэглэж, хэрэглэж дууссан цахилгаан хэрэгслээ тэжээлээс салгаж бүрэн унтраах, хүнгүй өрөөний гэрлийг унтраах, хийн зуух ашиглах гэх мэтээр бодит хэмнэлт хийж, эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой.
Монголын амины орон сууцны инноваци хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал А.Отгончимэг хэлэхдээ “Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр эрчимтэй тэмцэж байна. Монгол Улсын хувьд ч гэсэн ямар барилгыг эрчим хүчний хэмнэлттэй гэх юм, ямар бүтээгдэхүүнийг эрчим хүчний хэмнэлттэй гэх вэ гэдэг мэдээллүүдийг иргэдэд хангалттай хүргэх шаардлага тулгарч байна. Тиймээс ч өнөөдрийн арга хэмжээг “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” нэрийн дор зохион байгуулж байна. Манай байгууллагын хувьд амины орон сууцны чиглэлээр эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологийн шийдлүүдийг нутагшуулсан инноваци шингээсэн байгууллагуудыг оролцуулж байгаа” гэв.
Өрх бүр эрчим хүчийг хэмнэлттэй, ухаалаг хэрэглэж хэвшвэл эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх, шавхагдашгүй нөөцтэй сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн аргаар хүлэмжийн хий бууруулах боломж бүрдэнэ. “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” арга хэмжээ эрчим хүчний хэмнэлттэй технологи, дулаан хангамж, цэвэр эрчим хүчний талаарх ойлголт мэдээлэл, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдолыг иргэдэд нээлттэй өгсөн.
П.Нарандэлгэр