НийгэмFocus

“Эх орон” гэдэг үгээр бамбай хийж, иргэдийн гараар “могой” бариулж мэдэх нь…

Монголд эх оронч нэртэй боловч үйлдэл нь эргэлзээ төрүүлэм иргэний хөдөлгөөнийхөн цөөнгүй бий. Хэрэв анзаарсан бол амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хэсэг бүлэг хүмүүс сүүлийн жилүүдэд улам олуулаа болж борооны дараах мөөг шиг гарч ирэх болсон. Угаас сонгууль дөхөж, улс төр идэвхжихээр тэдний “ажил” ч мөн эхэлдгийг ард түмэн андахгүй мэднэ.

Тиймээс нийтээрээ хэн нэгний хаясан занганд автахгүй хэрсүү байх ухаан энэ цаг үед ус агаар шиг хэрэгтэй болж байна. Үүнийг нуршсаны учир нь эх орон гэж цээжээ дэлдэж гарч ирсэн болгонд шүүлтүүртэй хандаж, наана цаанатай хандах хэрэгтэй боллоо.

Энэ мэт үйлдлийн ганцхан тод жишээ бол Эх орончдын өдөр буюу маргааш гуравдугаар сарын 1-нд зарим иргэний хөдөлгөөнийхний төлөвлөсөн жагсаал юм. Өөрөөр хэлбэл, “эх орон” гэдэг үгээр бамбай хийж иргэдийн гараар  “могой” бариулж мэдэх нь.

Учир юу гэвэл гадны байгууллагуудын  санхүүжилтээр иргэдийг төр засгийн эсрэг турхирч, монгол түмний эв нэгдлийг бусниулахаар нэлээн эртнээс бэлтгэж эхэлсэн байна. Үүний нэг сануулга бол хоёр жилийн өмнөх Монгол үндэсний баяр наадмыг хийлгэхгүй байх санаархалтай  “No naadam” хөдөлгөөн байсан.

Санаархал  ч гэж санасандаа хүрч Монгол түмэн нэг жил үндэсний их баяр наадмаа өнжсөн гашуун түүхтэй үлдсэн. Тиймээс энэ мэт бараан түүхийг давтахгүйн тулд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хэсэг бүлэг хүмүүст гадны байгууллагууд их хэмжээний мөнгө амлаж монголчуудын эв нэгдлийг бусниулах, хагалган бутаргах цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй.

Олон нийтийг хамарсан ямар нэг жагсаал цуглаан болбол сайн лавлаж хэрсүү, гярхай байхгүй бол “эх оронч” нэрээр эх орныхоо эсрэг ажиллах вий. Тусгаар тогтносон Монгол Улсын эрх ашиг гэж байхаас монголын ард түмний санаа бодлыг аль нэг гадны байгууллагууд удирддаг байх ёсгүй.

Үүний төлөө иргэн таны хийж чадах зүйл бол ард олноор нь уриалан дуудаж, турхирсан жагсаалд очихдоо дүгнэж цэгнэдэг больё. Иргэд илүү гярхай, хэрсүү, ухаалаг байцгаая.

С.Судар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close