Гадаад харилцааОнцлох

Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Маналотой уулзав

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх бага хуралд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Маналотой /2023.02.17/ уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улс АСЕАН-ыг бүс нутгийн интеграцид чухал хувь нэмэр оруулж буй байгууллага хэмээн үздэг ба Зүүн өмнөд Азийн орнууд, тэр дундаа АСЕАН-ы гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байдгийг сайд Б.Батцэцэг онцлов.

Түүнчлэн тэрээр Монгол Улсын Засгийн газар 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ хүрээнд цахим виз мэдүүлэх боломжтой 99 улсын жагсаалтад Филиппин улс багтсаныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлж, цаашид аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Үүнтэй холбогдуулан Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике Манало хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх хөгжүүлэх, тэр дундаа аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэж байв.

Энэ хүрээнд тэрээр хоёр орны иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд шууд нислэг ихээхэн ач холбогдолтойг онцолж, цаашид энэ чиглэлээрх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд идэвхтэй хамран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Үүнээс гадна Филиппиний тал хөдөлмөр, нийгмийн хамгаалал салбар дахь хамтын ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн соёл, спортын салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд энэ онд тохиож буй Монгол, Филиппин хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, мөн Монгол, Филиппиний Гадаад харилцааны яамд хоорондын 4 дүгээр зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах чиглэлээр ажиллахаар тогтов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close