УХТЭ хавдрын химийн эмчилгээ болон өвдөлт намдаах нэгжийг шинээр байгууллаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) нь улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний голлох ачааллыг хуваалцдаг том эмнэлэг.
Тус эмнэлэг хавдрын болон ерөнхий мэс засал, бүх төрлийн эмчилгээ, оношилгоог үзүүлж байгаа лавлагаа шатлалын төв эмнэлэг болсон. Энэ хүрээнд өнөөдөр хавдрын хими эмчилгээний шинэ тасгаа нээж, өвдөлт намдаах нэгжийг тус тус ашиглалтад орууллаа. УХТЭ нь хавдрын химийн эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлснээр ХСҮТ-ийн ачааллыг бууруулж, иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Хоёрдугаар эмнэлэг өнөөдрийн байдлаар элэг, цөс, нойр булчирхай, ходоод, яс, мэдрэл, эмэгтэйчүүд, бөөрний хавдрын мэс заслыг дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар амжилттай хийж байна.
“Хими эмчилгээний тасагтай болох, бай эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна”
Арга хэмжээний үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “2023 он гарсаар манай эмнэлгийн үйл ажиллагаа өргөжин тэлж байна. Бид энэ оны эхний хоёр сарын байдлаар шинэ 2 нэгж буюу хавдрын химийн эмчилгээ болон өвдөлт намдаах нэгжийн үйл ажиллагааг эхлүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдийг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд манай эмнэлэг манлайлж оролцож байна.
Иргэдэд зонхилон тохиолдож буй 5 хавдар буюу элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар нь Монгол Улсад төдийгүй дэлхийд дээгүүр бичигдэж байна. Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг төв бол Хавдар Судлалын Үндэсний төв бөгөөд тус эмнэлгийн ачааллыг бууруулах хэрэгцээ зайлшгүй бидэнд тулгараад байсан. Тийм учраас УХТЭ “Мон 8” төслийн хүрээнд баригдсан хамгийн сүүлийн үеийн технологитой, эмнэл зүйн шаардлага хангасан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвдөө хавдрын өвчлөлийг бууруулах, хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор “Химийн эмчилгээний кабинет”-ийг нээж байна.
2022 оны 12 дугаар сард УХТЭ нь УНТЭ, ХСҮТ-тэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, хавдрын тусламж, үйлчилгээг төв эмнэлгүүдэд хийх боломжийг бүрдүүлэх, эмч, мэргэжилтнүүдээ сургах тал дээр хамтарч ажиллахаар болсон. Үүний хүрээнд хими эмчилгээний нэгжид ажиллах эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагч нарыг ХСҮТ дээр бэлтгэсэн.
Хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр үзүүлэхийн тулд хими эмчилгээг хийх зайлшгүй шаардлагатай байсан. Нөгөөтэйгүүр бид хүлээгдэл чирэгдэл ихтэй байгаа эмнэлгүүдээс өвчтөн авчирч өөрийнхөө эмнэлэг дээр эмчилэх боломж бүрдэж байна. Цаашид нэгжүүдийг тасгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах, бай эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.” гэдгийг онцлов.
“Хими эмчилгээний нэгж нь сард 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай үйл ажиллагааг эхлүүлсэн”
УХТЭ-ийн Хавдрын хими эмчилгээний эмч Т.Урансайхан: Манай эмнэлэг 2021 оноос эхлэн хавдрын амбулаторийн кабинетыг байгуулж, иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 2022 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн хавдрын хими эмчилгээний нэгжийг байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж, 2023 оны нэгдүгээр улирлаас өдрийн хими эмчилгээний кабинет үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдрийн хавдрын хими эмчилгээний нэгж таван ортой үйл ажиллагааг явуулж байна. Сард 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энэ онд хэвтэн хими эмчилгээ болон бай эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
“Өвдөлт намдаах тасаг байгуулагдсанаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд 1000 гаруй иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлээд байна”
УХТЭ-ийн мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн зөвлөх зэргийн эмч Ш.Энхтүвшин “Манай эмнэлэгт мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасаг байгуулагдаж, харьяалал харгалзахгүйгээр дүүрэг болон орон нутгийн иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн өвдөг, нуруу, мөрний өвдөлт болон мэс заслын дараах үргэлжилсэн өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлтүүдийг эмчилж байна. Дээрээс нь нурууны янз бүрийн архаг өвдөлтүүдийг оношилж, рентген хяналтын доор тарилга эмчилгээгээр өвчин намдаах, үрэвсэл дарах эмчилгээгээр бүрэн эмчилж байна.
Түүнчлэн өвдөгний “жийргэвч” гэж нэрлэгдээд байгаа төмөр титан хэлбэрээр солигдоод байгаа жийргэвчийг орлуулах шингэн хэлбэрээр зөөлөвч болгон хийдэг Япон, Солонгост үйлдвэрлэсэн эмийн бодисоор эмчилж байгаа. Бид үйл ажиллагааг эхлүүлсэн хоёр сарын хугацаанд нийт 1000 гаруй иргэдэд үйлчилсэн. Эндээс харахад архаг өвдөлттэй хүмүүс өвдөлт намдаах үйлчилгээг авах нэн хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна.