ЕрөнхийлөгчОнцлохЭрүүл мэнд

Боловсролоор дамжуулж эрүүл иргэнийг бүтээнэ

-БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГЫН БАГТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ-

Ерөнхийлөгчийн тамгын газрын “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл, хөтөлбөр хариуцсан албанаас өнөөдөр БШУЯ, Боловсролын ерөнхий газартай хамтран бүх шатны боловсролын хөтөлбөрт байдаг эрүүл мэндийн боловсролын агуулга, багшлах баг, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтсийн удирдлагууд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан уулзалтыг нээн хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн бөгөөд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар хүн амын дундах сэргийлж болох эмгэгийг бууруулахад чиглэж байна. Ялангуяа боловсролын бүх шатны байгууллагуудаар дамжуулан системтэйгээр СӨБ, ЕБС-ийн хөтөлбөр дэхь эрүүл мэнд, бие бялдарын боловсролын хичээлийг чанаржуулах, багшлах багийг бэлтгэх, сургалтыг хүүхдийн нас, хүйс, физиологийн онцлогт нь тохируулан, системтэйгээр олгох нь чухал. Иймээс бүх шатны боловсролын хөтөлбөрийн шинэчлэл хийхээр ажиллаж буй Боловсролын салбарын удирдлагын багтай цуврал уулзалтууд хийн, тухайн чиглэлд хамтран ажиллаж эрүүл ирээдүйг бий болгоход одооноос эхлэх нь зүйтэй” хэмээн онцоллоо.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Бид олон жил бодлогынхоо төвд дээрх хөтөлбөрөө тавьж ирснийг шинэчилж, хүүхдийг нэгт тавьж ажиллаж байна. Хүүхэд хичнээн сурах чадвартай байгаад ходоод нь хоосон бол сайн сурахгүй. Хүүхэд ар гэртээ хүчирхийлэлд өртдөг бол бие, сэтгэцийн хувьд эрүүл байх боломжгүй. Эрүүл монгол хүүхэд, эрүүл монгол хүнийг бий болгоход цогцоор нь асуудлыг шийдэх нь чухал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн энэ асуудлыг олон талаас нь харж, цогцоор нь шийдэхээр шинэ алхам болж байна” гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга доктор О.Чимэдсүрэн хүүхэд залуусын эрүүл мэндийн чиглэлээр хийсэн бодлогын судалгаа, түүнд тулгуурласан бодлогын санал шийдлийг танилцуулав. Тус албанаас БШУЯ-ны газар, хэлтсийн удирдлагын баг, мөн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Нийслэлийн боловсролын газартай цуврал уулзалт зохион байгуулж эрүүл ирээдүйг бий болгохын тулд бүх шатны боловсрлын хөтөлбөрт хэрхэн тусгах, нөөцийг бүрдүүлэх талаар хэлэлцэн тодорхой санал хүргүүлэн хамтран ажиллаж буйг дурьдлаа. Хүүхдийг СӨБ, ЕБС–ээс бие бялдарын хөгжил, эрүүл мэндийн үнэлгээ, эрт илрүүлэгт насны бүлэгт тохируулан хамруулж, эрүүл мэндийн цахим тогтолцоог бүрдүүлэх талаар ярилцлаа.

Нийслэлийн боловсролын үнэлгээний газрын дарга Л. Ганбат “Ерөнхий боловсролын сургуульд элсэгч зургаан настангуудаас сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ хийгддэг. Бидний хийсэн үнэлгээнд сурагчдын дундах эрүүл мэндийн мэдлэг, боловсрол хангалтгүй гэсэн дүн гарсан. Энэ үнэлгээтэй хамт сургуульд элсэх үед нь эрүүл мэндийн суурь үзүүлэлт, зарим эмгэгийн илрүүлэг хийх нь оновчтой. Энэ саналыг бид бүрэн дэмжин “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулах нь зүйтэй бөгөөд энэ хөдөлгөөн нь боловсролд суурилж байгаад талархан хүлээн авч, дэмжиж ажиллах болно хэмээв.

Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судасны эмгэгийг эрт үед нь илрүүлэх боломжтой талаар судалгаанд суурилсан илтгэлийг хүүхдийн эмч, судлаач С.Энхцолмон “Зургаан настай хүүхдийн эрүүл мэнд, зүрхний эмгэгийн илрүүлэг” сэдвээр тавьж, боловсролын байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтой талаар оролцогчидтой санал солилцсон бол Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг тодорхой нэг дүүрэг, аймгийг сонгон туршилтаар хэрэгжүүлж үзэх саналыг гаргалаа.

Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн (ЭМХҮХ)-ий ач холбогдол, үр нөлөө болон хэрэгжилтийн процессийг олон нийтэд таниулан сурталчлах ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулах саналтай байна. Хүүхэд бол дан ганц сургууль, сурган хүмүүжүүлэгчийн анхаарах асуудал биш. Тиймээс асран хамгаалагч, эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах шаардлагатай. Боловсролын байгууллагууд ЭМХҮХ-ийг шат, шатандаа хэрэгжүүлээд явахад нийтээрээ нэг ойлголттой, мэдээлэлтэй байвал илүү үр өгөөж өндөртэй байх болов уу гэж харж байна.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлэгт оролцож буй Секторын эрхлэгч Л.Эрдэнэ уулзалтын төгсгөлд “Боловсролын салбартай нягт уялдаатай, агуулгын хувьд зөрчилдөх зүйлгүй концевц санагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний энэхүү хөдөлгөөний зарим агуулга нь монгол уламжлалт өв дотрох сургамжуудтай яг цав таарах зүйлс олон байна.  Үндэсний хэв маяг шинжээ илүүтэйгээр тусгаж ЭМҮХҮХ-ийг хэрэгжүүлбэл гэсэн санааг хэлмээр байна”гэсэн юм.

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтарч ажиллах дүүргүүдийн ЕБС-иуд болон боловсролын байгууллагуудтай санал солилцох уулзалтыг шат дараатай зохион байгуулах юм байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан алба

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close