Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгүүд шалгаруулах ёслолын үйл ажиллага /2023.01.14/ Төрийн ордонд боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулах журмын хүрээнд жил бүр сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг.
Тэгвэл 2022 оны “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага”-аар Улсын гуравдугаар төв эмнэлэг шалгарлаа.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Мэдрэлийн мэс заслын дэвшилтэд арга технологийг нутагшуулах зорилготой Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/474 дүгээр тушаалаар байгуулагдсан “Мэдрэлийн мэс заслын үндэсний баг”-ийг ахалж Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байсан мэдрэлийн ёзоор тайрах мэс заслыг анх удаа амжилттай хийж хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
Мөн Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 2 жилийн хугацаанд Амаржих газруудын бүх төрөх орыг иж бүрэн шинэчилж хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй төрөх боломжтой болсон. Энэхүү хөрөнгө оруулалтыг зөв зохистой ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургагч багш бэлтгэх зэрэг асуудлаар бидэнтэй хамтран ажиллаж 2022 оны “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оны шилдэг Манлайлагч төрийн бус байгууллага”-аар шалгарсан Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоонд тус яамнаас талархал илэрхийлэн амжилт хүсэж байна.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл 2023 онд өмнөх оны үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг Эрүүл мэндийн байгууллагын стандартын шинэчлэлд түлхүү анхаарч ажиллах болно.