Засгийн газарУИХОнцлох

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр (2023.01.11) “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч, айл өрхийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж байна. Улмаар манай улсын инфляц 2022 онд 14.8 хувьтай гарсан. ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах зээл дээр огцом өсөж, нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл үүссэнээр импортлогч орнуудын шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. БНХАУ-д дотоодын цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлж, эдийн засгаа эрчимжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нь дэлхийн зах зээлд шатахуун, эрчим хүч, хүнсний үнэ нэмэгдэх хүлээлтийг бий болгоод байна.

Цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөн, ОХУ-д тавьж буй эдийн засаг, худалдааны хоригуудын үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед богино хугацаанд ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 авто бензинийн үнийн өсөлтийг бууруулж, тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, cөpөг нөлөөллийг бууруулж онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгох шаардлага тулгарч байгааг салбарын сайд хэллээ.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл 5 зүйлтэй бөгөөд 1,2 дугаар зүйлээр Монгол Улсын эдийн засаг, нийгэм, инфляцыг тодорхойлогч хэрэглээний сагсанд томоохон хувь эзэлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн гаалийн албан татварын хувь хэмжээг 0-5 хувиар тогтоох эрхийг Засгийн газарт олгох, 3 дугаар зүйлээр газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 0-5 хувиар гэж хязгаар заасан байгааг 5 хувь гэж өөрчлөх, 4 дүгээр зүйлээр хууль дагаж мөрдөх хугацааг заасан байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн үнийн өсөлт, сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Мөн Засгийн газрын хуралдаанаас тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг салбарын сайд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close