МИКОнцлох

Ипотекийн зээлийг хойшлуулах нь эдийн засагт ч, иргэдийн амьдралд ч халтай

МАН-ын бүлгээс ипотекийн зээл төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хойшлуулах саналтай буйгаа илэрхийлсэн энэхүү улс төрийн шийдвэр нь эдийн засагт ч, иргэдийн амьдралд ч халтай.

Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сар бол цар  тахлын хүндрэл эдийн засгийг, иргэдийн амьжиргааг нэрвээд байсан үе. Эл үест эрх баригч МАН-ын зүгээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, нэмэлт хүү төлбөр тооцохгүй байх шийдвэрийг гаргасан. Ингэснээр ААН-үүдээс гадна иргэд ч ажил, орлогогүй болоод байсан тул дэм тус болсон нь үнэн.

Гэвч эдийн засгаа, ипотекийн зээлийн тогтолцоогоо давхар нэрвэчихсэн. Одоо Монголбанк ипотекийн зээлийн схемээс гарахаар ярьж байна. Ингэвэл цэвэр хувийн хэвшлүүд ачааг нь үүрнэ.

Ипотекийн зээлээр баталгаажсан бондыг хөрөнгийн зах зээлд арилжаалах замаар зээлүүдийн баталгааг хангаж байх ёстой энэ тогтолцоо өдгөө ганхаж эхлээд байна. Энэ нь ипотекийн зээл бүрэн зогсох эрсдэл рүү шууд дагуулж байгаа юм.

Харин одоо, хэдий инфляц өндөр байгаа ч ажил хийж, цалин авч байгаа иргэд ипотекийн зээлээ төлж эхлэх нь өргөн агуулгадаа чухал хэрэгцээтэй байна. Гэвчиг, тогтолцоогоо, эдийн засгаа, ирээдүйн өрнөлүүдээ үл тооцон, зөвхөн “Ашгүй дээ, сайн л биз” гэж харах иргэдэд таалагдсан ийм шийдвэр гаргах нь ерөөс популист улс төр юм.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бид анхнаасаа ипотекийн зээлийг хойшлуулах асуудлыг дэмжээгүй. Энэ байр суурьдаа хэвээр бий” хэмээж байна. Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны дарга Э.Тэмүүлэн нар ч ижил байр суурь илэрхийлж байна.

Мөн эдийн засагчид ч асуудлыг ийм нүдээр харж байгаа юм. Тухайлбал, санхүүч Г.Батжаргал “Ипотекийн зээлийн тогтолцоог хэрэгжүүлдэг МИК-ийн зээлжих зэрэглэл буурна. Ингэвэл Засгийн газрын ч зээлжих зэрэглэл буурах, олон улсын зах зээлээс бонд босгох боломж муудна” гэлээ.

Хэрэв ипотекийн зээл зогсчихвол орон сууцанд амьдарч, амьдралын нөхцөлөө сайжруулахыг хичээж буй дараа, дараагийн хүмүүс болон барилгын салбарынхан, тавилга, цахилгаан бараа, барилгын материалын салбарынхан ч эрсдэлд орох юм.

Тийм ч учраас одоо эрх баригчид эдийн засгаа, нийт тогтолцоогоо бодох уу, эсвэл иргэдэд таалагдсан популист шийдвэрийг дахин гаргах уу гэдэг нь чухал байна. Иргэд “Ипотекээ төлж чадахгүй нь” гэж жагсаагүй харин халамжийн бодлого баримталчихаад, дараа нь эдийн засгийн хямралыг хэрхэн засаж, залруулахаа мэдэхгүй байна. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ирэх оноос халамжийг багасгана” гэж байгаа нь хэр биелэх бол…

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close