УИХ ирэх оны улсын төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Төсвийн байнгын хорооноос төсөв дэх олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор энэ сарын 19-нд анх удаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буй.
Энэ ч үүднээс ирэх 2023 оны төсөв тойрсон асуудал олны анхааралд хэвээр байна. Хэвээр байхаас ч аргагүй өөрчлөлтүүд орсон учраас тэр биз. Ирэх оны төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлан хэд хэдэн томоохон өөрчлөлтүүдийг онцолжээ. Тухайлбал,
“Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгасан, Нэг их наядын хэмнэлтийг хийж чадсан, Хүүхдийн мөнгийг 100 мянга хэвээр байлгаж нийт хүүхдийн 91%-д өгөхөөр болсон” гэдгийг хэлж байгаа юм.
Энэ нь яалт ч үгүй энэ удаагийн төсвийн төслийн онцлог болж. Илүү гүнзгий судлах юм бол төсөвт урьд өмнө байгаагүй реформ хийгджээ гэж зарим эдийн засагчид үзэж байгаа.
Өөр нэг онцлох нь “Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлнэ” гэдэг их чухал асуудал.
Мөн “Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгохоор тусгасан” байгаа юм.
Өөрөөр хэлбэл, орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ гэсэн үг. Хот, хөдөөгийн асуудлыг аль болох зэрэг шийдвэрлэхийн тулд орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилж, уул уурхайн тухайн орон нутагт өгдөг хандив тусламжийг орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгохоор болсон нь нутгийн иргэдэд хаалттай эдийн засгийг ил болгох, орон нутаг өөрөө шаардлагатай асуудлаа тодорхой хөрөнгийн эх үүсвэрээр шийдэх боломж бүрдэх юм.