Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн өргөтгөл ашиглалтад орлоо
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу болон төвийн бүсийн иргэд олон улсын стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг авах бөгөөд хэвтэн эмчлүүлэх орны тоо 800-гаар нэмэгдэж байна. Өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож, өргөтгөлийн дотоод зохион байгуулалт, хэвтэн эмчлүүлэх тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор эмнэлгийн ачаалал хоёр дахин буурч, иргэдэд хүрч үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.
Өмнө нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэд дугаарлан хүлээдэг байсан бол одоо энэ байдал багасаж, тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй авах нөхцөл бүрдлээ. Дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа эхлүүлсэн ажлын үр дүн гарч байгаад талархалтай байна” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар өргөтгөл эмнэлгийн зориулалтын цахилгаан шат болон сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг, хэвтэн эмчлүүлэх тасагт иргэдийг хүлээн авч үйлчилж байгаа юм. Шинэ өргөтгөлд мэдрэлийн эмгэг судлал, дотрын эмгэг судлал, мэс засал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгууд байрлаж буй.
Энэхүү өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн төвийн үзлэгийн блок, яаралтай тусламжийн 10 ор нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн 25 ортой ерөнхий мэс заслын тасагт мухар олгой, цөсний хүүдий авах, эвэрхий засах зэрэг 20 гаруй мэс заслыг хийж үйлчилнэ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР