НийгэмОнцлох

Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч сургагч багш нарыг бэлтгэж байна

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн бүх шатны байгууллага, иргэн хуулийн этгээдийн үүрэг, оролцоог хуульчилж, Хүүхэд хамгааллын тухай хуулиар “хүүхэд хамгааллын тогтолцоо Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан оролцогч талуудаас авч хэрэгжүүлэх бодлого, хамтын ажиллагаа, цогц үйлчилгээ, статистик мэдээлэл, санхүү төсөв, мэргэшсэн хүний нөөц зэргээс бүрдэнэ” хэмээн заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхээр заасан.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалт болон хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой “Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулганыг 2022 оны 05 дугаар сард зохион байгуулж, тус чуулганаас салбар бүр хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогоо батлан хэрэгжүүлэх замаар хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах уриалга гарсан.

Дээрх бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын арга зүйн болон техникийн дэмжлэгтэйгээр “ХҮҮХДИЙН ЭРХ БА БИЗНЕСИЙН ЗАРЧМУУД” хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх сургагч багшийн үндэсний сургалтыг анх удаагаа 2022 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг сургалтаар яам, агентлаг, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон төрийн бус байгууллагын хот, хөдөөгөөс ирсэн 120 гаруй ажилтан, албан хаагчийг сургагч багшаар бэлтгэж байна.

Сургагч багш нарт хүүхдийн эрх ба бизнесийн зарчимд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүйгээр хангаж, хүүхдэд ээлтэй бодлого, үйл ажиллагаа нь хүүхдийн дээд эрх ашгийг хангахад шууд болон шууд бусаар хэрхэн нөлөөлж байгааг харуулсан олон улсын болон дотоодын сайн туршлагуудыг танилцуулж байна.

2023 онд сургагч багш нар аймаг, орон нутагтаа төр, хувийн хэвшлийн байгууллагуудад хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлж ажиллах бөгөөд ХНХЯ, МҮХАҮТ, МАОЭНХ, МҮЭХ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхээс гадна хяналт тавьж ажиллана.

Тус сургалт үйл ажиллагааг АНУ болон Монгол Улсын хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд АНУ-ын Төрийн Департаментын буцалтгүй тусламжаар Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй төслөөс санхүүжүүлэн ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close