УИХМАНОнцлох

Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг түргэвчлүүлэх шаардлагатай байна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, жагсагчдын тавьж буй асуудлын хүрээнд ямар шийдвэр гаргах талаар ярилцсан байна. Нийт 3 шийдвэр гаргасны нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ондоо багтааж хийж гишүүдийн тоо болон сонгуулийн тогтолцооны асуудлыг шийдье гэжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг түргэвчлүүлэх шаардлагатай байна. Жагсагчдын тавьсан энэхүү шаардлагыг Засгийн газар шат, шатандаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулна. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг багасгана. Тиймээс Засгийн газар ойрын үед хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж яаралтайгаар шийдвэрлүүлнэ. Энэ хүрээнд УИХ нээлттэй сонсгол хийх УИХ-ын даргын захирамж гарсан. Маргааш Эдийн засгийн байнгын хороогоор нээлттэй сонсголын товыг нь тогтоно. Хуулийн дагуу 14 хоногийн дотор багтааж явуулах ёстой.

Засгийн газар ойрын үед хуралдаж оффтейк буюу урьдчилсан төлбөрт гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай байна. Хоёрдугаарт уул уурхайн бүтээгдэхүүн дээр хулгайн асуудал гаргахгүйн тулд энэ ондоо багтааж Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ яаралтай батлах хэрэгтэй.

Өршөөлд хамрагдахгүй байх, ялаас хөнгөлөхгүй байх зэрэг заалтыг тусгасан. Ажлын хэсэг анхны хэлэлцүүлэгт бэлтгээд явж байна. Уг хуулийг ирэх 2023 оноос эхлэн мөрдөнө. Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярихаар өөр аргагүй. Тиймээс УИХ өнгөрсөн 8 сарын 24-нд УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар Засгийн газар судалж ҮХНӨ-ийн тухай хуулийн дагуу өргөн барих чиглэл өгсөн. Энэ ондоо багтааж Засгийн газар УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ.

УИХ тарахтай холбоотой асуудлыг намын удирдах зөвлөлөөр ч, намын бүлгээр ч хэлэлцээгүй. Эдийн засаг хямралтай, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Энэ үед бид аль болох улстөрийн хямралгүй байлгах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Тиймээс энэ асуудлыг огт хэлэлцээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Манай намын бүлгийн гишүүдээс нүүрсний хулгай болон нүүрстэй холбоотой асуудалд холбогдсон гишүүд гэж байхгүй ээ. Үүнийг бол би хууль, хяналтын байгууллага л албан ёсоор зарлах ёстой гэж бодож байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг бол анхнаасаа ч хэлсэн. Бид нүүрсний хулгайтай тэмцэх ёстой. Ямар нэгэн хамгаалах асуудал байхгүй. УИХ энэ чиглэлээр түр хороо ажиллаж байгаа. Энэ долоо хоногт түр хорооны хурлыг хуралдуулах нь зөв гэж шийдсэн.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close