нитхОнцлох

Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар чуулганы төлөөлөгчид дотоод журмаа баталлаа

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд “Нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх, хууль тогтоомжийн төсөл болон орон нутгийн төсөв боловсруулах, нутгийн удирдлагад чиг үүрэг шилжүүлэх, Засгийн газраас нутгийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргах ажиллагаанд Засгийн газартай хэлэлцээр хийх, нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх төлөөллийн байгууллага байна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдаан өчигдөр /2022.11.15/ Төрийн ордонд боллоо.

Төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдааныг Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс хамтран санхүүжүүлж зохион байгуулсан бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд Төлөөллийн байгуулагын үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллах аж. Төлөөллийн байгууллагад сум, дүүргийн ИТХ тус бүрээс нэг, аймаг нийслэлийн ИТХ тус бүрээс хоёр төлөөлөгчийг сонгоно гэж заасан бөгөөд 21 аймгийн 42 төлөөлөгч, нийслэлийн 2 төлөөлөгч, 330 сумын 330 төлөөлөгч, дүүргүүдээс 9 төлөөлөгч гээд нийт 383 төлөөлөгчөөс энэхүү бүтэц бүрдэж байгаа юм.

ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн: Холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг орон нутагт хангаж ажиллах нь төлөөлөгчдийн хамтын үүрэг

Тэрбээр “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг 1992 онд баталж нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, нутгийн удирдлагын харилцааг зохицуулж ирснээс хойш 30 жил өнгөрсөн. Үндсэн хуулийг эх баригч Б.Чимид агсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхойлох үндсэн нэр томъёог дурдахдаа Төрийн байгууламж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, Нэгжийн удирдлага гэж томъёолоод энэ нь бие биеэсээ урган гарсан үзэгдэл гэж хэлсэн байдаг. Энэхүү үзэл санааг Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна, Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана. Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа Төвлөрлийг сааруулах, бодлогын дэмжлэг төслийн хүрээнд 2019 онд манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад чиг үүргийн шинжилгээ хийсэн. Энэхүү шинжилгээний дүнгээс үзэхэд аймаг, нийслэлийн ИТХ-д 118 хуулийн 496 заалт, сум, дүүргийн ИТХ-д 100 хуулийн 432 заалт, баг хорооны ИНХ-д 40 хуулийн 96 заалтаар чиг үүрэг оногдуулсан байна. Төвлөрлийг сааруулахад иргэдэд хамгийн ойр байгаа нутгийн удирдлагын нэгжид хэрэгжүүлэх боломж бүхий чиг үүргийг давхардуулахгүй хуваарилах нь чухал. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулж, хөдөөгийн хөгжлийг дэмжих, орон нутаг дахь иргэдийн амьдралын чанарыг дэмжих болон УИХ-аар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, хотоос хөдөө шилжин суурьшсан иргэн, аж ахуйн нэгжийг цогц бодлогоор дэмжиж ажиллаж буйг хэлсэн юм. Тиймээс холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг орон нутагт хангаж ажиллах нь өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд оролцож буй төлөөлөгчдийн хамтын үүрэг” гэдгийг онцолж байлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: Хэтэрхий их төв орон нутаг руу нүүснээс болж эдийн засагт асуудал үүсч байна

Тэрбээр “Эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид өнөөдрийг хүртэлх төлөөллийн байгууллагын түүхэн үүсэл хөгжил, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарах ёстой, алдаа дутагдал, ололт амжилтыг хэлэлцэхээр цуглалаа. Төлөөлийн байгууллага нь Засгийн газартай хэлэлцээрт орох, Нутгийн өрөө удирдах ёсны байгууллагуудын нийтлэг эрх ашгийг төлөөлөх буюу шүүхэд төлөөлөх эрхтэй байх юм. Үндсэн хуулиар олгогдсон Нутгийн өөрөө удирдах ёсыг эрх мэдэлтэй нь тэнцвэртэй байлгаж, орон нутгийнхаа бие даасан байдал, эдийн засгаа одоо тогтворжуулах, эдийн засгаа өсгөх, орон нутгийн онцлог, магадгүй бусад орон нутагт байдаггүй зүйлээрээ ялгарах боломж эрхийг нь олгох асуудал бол энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол ярилцах асуудал байна. Үндсэн хуульд заасан орон нутгийн эдийн засаг, нийгмийн амьдралыг авч явах, төр засгийн газартайгаа бодлогоо хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрхүүдийг илүү их ярилцана, Тэгэхээр бие даан хөгжих энэ асуудал зөвхөн нийслэлийн тухай биш юм. Монгол Улс бол дэлхий дээр эхний 20-д багтдаг том газар нутагтай. Нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг ч харамсалтай нь хэтэрхий их төв орон нутаг руу механик нүүдлүүд явснаас болж эдийн засагт асуудал үүсч байна, Жишээлбэл, эзэнгүй хээр талаар явж, явж явж явж зөвхөн төв суурин газруудад  тодорхой эдийн засгийн эргэлт бий болдог. Энэ бол Монгол оронд сүүлийн жилүүдэд илүүтэй нүүрлэж байгаа хүндрэл, Тиймээс эдийн засаг зөвхөн уул уурхайг түшсэн байдалтай байгаа өнөө үед бүх орон нутгууд өөрийн эдийн засгаа солонгоруулах буюу зөвхөн нэг салбарыг шүтсэн эдийн засагтай байх биш, өөрсдийн хийж чадаж байгаа, ард иргэдээ ажилтай орлоготой байлгаж чадаж байгаа бусад салбаруудаараа бие даан хөгжүүлэх боломжийг нь илүү их олгох ёстой. Учир нь өнгөрсөн хоёр жил гарангийн хугацаанд дэлхийн хүн төрөлхтөнд цар тахал болон бүс нутгийн өөрчлөлтүүд маш ихээр нөлөөлж байгаа, Тэгэхээр эдийн засгаа тогтворжуулж солонгоруулж, өсгөх тал дээр улс орон бүхэлдээ, орон нутгууд хэрхэн анхаарч ажиллах вэ гэдэг дээр илүү их төвлөрөх шаардлагатай цаг үе болсон” гэдгийг онцолсон юм.

Анхдугаар хуралдааны чиглүүлэгчээр ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн ажилласан бол хуралдаан даргалагчийг төлөөлөгчид илээр санал хурааж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан олонхын саналаар сонгосон юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр төлөөлөгчдөн хандан хэлсэн үгэндээ дээрх чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх Төлөөллийн байгууллагын гишүүн болж сонгогдон хамтран ажиллах Аймаг, сум, нийслэл, дүүргийн төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрбээр мөн “…Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даан хөгжих баталгаа нь Ардчилсан үндсэн хууль. Үндсэн хуульд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, бүх шатны иргэдийн хурал иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно…” гэдгийг тодотгосон билээ.

1992 оноос хойш 30 жилд нийт 8 удаагийн хурал байгуулагдан ажилласан. Өдгөө 21 аймагт 816 төлөөлөгч, 330 суманд 7062 төлөөлөгч, нийслэлд 45 төлөөлөгч, дүүрэгт 291 төлөөлөгч буюу улсын хэмжээнд 8214 төлөөлөгч чөлөөт сонголтын үндсэн дээр орон нутгаа хөгжүүлэх эрхээ төлөөллөөрөө дамжуулан эдэлж байна. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар чуулганаар мөн төлөөлөгчид дотоод журмаа баталж, төлөөллийн байгууллагын гишүүний татварын хувь хэмжээг тогтоолоо. Түүнчлэн төлөөллийн байгууллагын орон тоог баталж, анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлав. Төгсгөлд нь Монгол Улсын Засгийн газарт уламжлах асуудлын талаар хэлэлцсэн бөгөөд энэ хүрээнд аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа болон бүх төлөөлөгчийн үгэнд гарч буй саналуудыг нэгтгэх юм. Энэ саналыг нэгтгэсэнээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн саналд төлөөлөгчид саналаа хүргүүлэх боломжтой болох аж.

Дашрамд дуулгахад, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” НӨУБИЧБ төсөл нь Швейцарын хөгжлийн агентлагын санхүүгийн дэмжлэгтэйгээр ЗГХЭГ-т хэрэгжиж байгаа төсөл юм. Төслийн зорилтуудын нэг болох Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагыг үүсгэн байгуулж анхны хуралдаан хийхэд дэмжлэг үзүүлэх ажил нь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” НӨУБИЧБ төслийн үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөөнд батлагдсан ажил болохын хувьд Засгийн газрын тогтоолоор Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар үүрэг хүлээсэн Нийслэлийн ИТХ-ын ажлын албатай хамтран ажиллалаа.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close