У.Бямбасүрэн: Төвлөрлийг сааруулахад иргэдэд хамгийн ойр байгаа нутгийн удирдлагын нэгжид чиг үүргийг давхардуулахгүй хуваарилах нь чухал
“Нутгийн удирдлага-30” эрдэм шинжилгээний хуралд Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн илтгэл танилцуулсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг 1992 онд баталж нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, нутгийн удирдлагын харилцааг зохицуулж ирснээс хойш 30 жил өнгөрсөн.
Үндсэн хуулийг эх баригч Б.Чимид агсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхойлох үндсэн нэр томъёог дурдахдаа Төрийн байгууламж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, Нэгжийн удирдлага гэж томъёолоод энэ нь бие биеэсээ урган гарсан үзэгдэл гэж хэлсэн байдаг. Энэхүү үзэл санааг Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна, Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана” гэж оруулсныг тэрбээр тодотголоо.
Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа Төвлөрлийг сааруулах, бодлогын дэмжлэг төслийн хүрээнд 2019 онд манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад чиг үүргийн шинжилгээ хийсэн. Энэхүү шинжилгээний дүнгээс үзэхэд аймаг, нийслэлийн ИТХ-д 118 хуулийн 496 заалт, сум, дүүргийн ИТХ-д 100 хуулийн 432 заалт, баг хорооны ИНХ-д 40 хуулийн 96 заалтаар чиг үүрэг оногдуулсан байна.
Төвлөрлийг сааруулахад иргэдэд хамгийн ойр байгаа нутгийн удирдлагын нэгжид хэрэгжүүлэх боломж бүхий чиг үүргийг давхардуулахгүй хуваарилах нь чухал гэдгийг онцоллоо. Мөн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, орон нутагт оногдох төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн нь нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал нөлөө болсон гэдгийг хэлсэн юм.
Харин баг, хорооны ИНХ-ын үйл ажиллагаа зарим талаар тасалдаж, хурлын байгууллагуудын хамтын ажиллагаа алдагдаж байгаа талаарх санал шүүмжлэлийг орон нутгаас ирүүлж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн илтгэлдээ дурдсан.
Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулж, хөдөөгийн хөгжлийг дэмжих, орон нутаг дахь иргэдийн амьдралын чанарыг дэмжих болон УИХ-аар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, хотоос хөдөө шилжин суурьшсан иргэн, аж ахуйн нэгжийг цогц бодлогоор дэмжиж ажиллаж буйг хэлсэн юм. Тиймээс холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг орон нутагт хангаж ажиллах нь өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд оролцож буй төлөөлөгчдийн хамтын үүрэг гэдгийг тэрбээр хэллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ