нитхОнцлох

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн газарт ажиллалаа

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит 3-р хуралдаанаар 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямбын танилцуулснаар сонсч, үр дүнг хэлэлцлээ. Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын үйл ажиллагаатай танилцаж, гаалийн газруудын ажлын уялдаа холбоо, тулгамдсан асуудлыг /2022.11.11/ сонссон юм.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “…Гэмт хэргийн статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд цахим орчин, шуудан харилцаатай холбоотойгоор үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байна. Иймд гаалийн салбартаа бид илүү их анхаарч, салбарын хүрээнд урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай.

Хурдацтай хөгжиж буй технологийн дэвшилтэй хөл нийлж, бүтээмж өндөртэй, шуурхай, эргэх холбоотой ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. 2023 оны ажлыг төлөвлөхдөө нэн шаардлагатай ажил, арга хэмжээгээ эрэмбэлж, зөвлөлийн гишүүн байгууллагууд салбар бүрийнхээ онцлогт тохируулж ажиллах ёстойг дахин хэлье. Бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бид иргэдийнхээ оролцоонд тулгуурлан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай хамтран ажиллах шаардлагатай” гэв.

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн газар нь энэ онд 230 орчим зөрчил илэрүүлж, хагас тэрбум төгрөгийн татвар нөхөн төвлөрүүлсэн бөгөөд үүнээс Улаанбаатар хотын шуудан илгээмжийн газар 37 сая төгрөгийн татварыг нөхөн төвлөрүүлжээ. 9 улс 14 хотын гаалийн харилцааг зохицуулдаг тус газар гаалийн шинэчлэлийн хүрээнд 4 скайнераар техникээ хүчитгэсэн ба ирэх оны төсөвт тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр рентген аппарат нэмж авах шаардлагатай байгаа талаарх мэдээллийг тус гаалийн газрын дарга Г.Баасандорж өгсөн юм.

Гаалийн байгууллага нь улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ 2020 онд 95.7 хувиар, 2021 онд 98.3 хувиар тус тус биелүүлж байсан бол энэ оны 10 дугаар сарын байдлаар 3.6 их наяд төгрөг төвлөрүүлэн жилийн төлөвлөгөөгөө 103.8 хувиар давуулан биелүүлж, улмаар түүхэндээ анх удаа 4 их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэх өөдрөг зорилттойгоор 110 жилийн түүхт ойгоо угтаж байна.

Мөн гаалийн шинэчлэлийн хүрээнд хяналтын нэгдмэл байдлыг хангах, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан техник хэрэгслээр дамжуулан гаалийн удирдах төв байгууллагаас хилийн боомтууд дээр хяналт тавьж, гаалийн хяналтыг цаг алдалгүй үр дүнтэй оновчтой зохион байгуулах зорилгоор телехяналтын нэгдсэн систем бүхий “Шуурхай хяналт, удирдлагын төв”-ийг ашиглалтанд оруулжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close