нитхОнцлохШинэ мэдээ

Хотын стандартын хэрэгжилтийн талаар зөвлөлдлөө

Улаанбаатар хотод мөрдөгдөх шинэ стандартуудыг таниулах, мэдээлэл өгөх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд, урт хугацааны хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлохоор “Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн”-ийг өнөөдөр  зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Зөвлөгөөнд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва болон холбогдох байгууллага, газрын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн, салбар салбарын төлөөлөл оролцсон юм.

Зөвлөгөөг нээн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Хотын анхны стандартыг хэлэлцэж баталсан нь Улаанбаатарын түүхэнд шинэ эхлэл болсон. Энэхүү стандартууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд эрүүл, аюулгүй амьдарч, ажиллах, бизнес эрхлэх, сурч боловсроход чиглэсэн байх нь чухал. Цаашид Нийслэлийн ИТХ хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, чиг үүргийн хүрээнд хотын стандартын төслүүдийг хэлэлцэн батлах, мөрдүүлэх ажилд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх болно” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотыг иргэндээ ээлтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй, эмх замбараатай болгохын тулд хийх бодит алхам нь нэгдсэн стандартыг боловсруулах, батлах, хэрэгжүүлж эхлэх үйл явц. Нийслэлийн ИТХ-ын хурлаар баталсан эдгээр стандартыг хийж буй, цаашид хийх ажилд мөн тусгаад мөрдөж эхэлсэн. Тухайлбал, нийтийн тээврийн салбарын стандартыг хангасан 65 автобусыг үйлчилгээнд нэвтрүүллээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхдээ энэ шаардлагуудыг мөрдөнө гэсэн үг” гэв.

Улаанбаатар хотод нийт 22 бүлэг, 97 стандарт батлан мөрдөхөөр төлөвлөсөн. Эхний 9 бүлгийн 38 стандартыг баталж, 2022 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хотын стандартыг боловсруулах Ажлын хэсэг судлаач, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран 1558 баримт бичиг, материалыг судлан, стандартыг боловсруулсан байна. Уг стандартыг боловсруулахад тулд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг тусгажээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close