Орон нутагFocus

“Электрон тамхины эсрэг нэгдэж, Эрсдэлгүй ирээдүйг бүтээцгээе”

Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын “Номун далай” цогцолбор сургуулийнхан санаачлан “Электрон тамхины эсрэг нэгдэж, Эрсдэлгүй ирээдүйг бүтээцгээе” аяныг өрнүүлж байна. Тус сургуулийн Нийгмийн ажилтан, сэтгэлзүйчдийн санаачилгаар өрнүүлж буй тус аяны нээлтэнд багш ажилчид, эцэг эхчүүд, сурагчдын төлөөлөл сургуулиасаа аймгийн Төв талбай хүртэл уриа лоозон бүхий тайван жагсаалыг хийв. 

Мөн үеэр аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газар тус аяныг дэмжиж ажиллахаа илэрхийлж, бусад ЕБС болон төрийн байгууллагуудыг аянд нэгдэж нөлөөллийн ажил зохион байгуулахыг уриалсан юм. БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг хэлэхдээ, “Насанд хүрээгүй хүүхдэд утаат болон электрон тамхи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг зарж борлуулж байгаа газруудтай хатуу тэмцэнэ.

Холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын ажлыг тоттмол зохион байгуулж байгаа”-гаа онцлоод, дээрх төрлийн бүтээглэхүүнийг хүүхдүүдэд зарж борлуулсан газраас боловсролын салбар аль ч төрлийн худалдан авалтыг хийхгүй гэдгээ хэлсэн. Боловсролын салбарынхан хүнс, цэвэрлэгээ үйлчилгээний хэрэгсэл, бүтээгдэхүүн зэргээр хамгийн том худалдан авагч байдаг гэдгийг тэрээр онцлоод, сурагчид ч нэгэнд нь тийм зүйл худалдсан газраар үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.

Электрон тамхийг 2003 онд Хятадад бүтээсэн бөгөөд тамхины шингэний найрлагад глицерин, пропилен гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодис багтдаг байна.

Энгийн тамхи татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгөх зүйлгүй учраас татсаар л байдаг сөрөг талтай. Тиймээс хэтрүүлж хэрэглэх магадлалтай юм байна. Хэтрүүлсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Электрон тамхи хэрэглэснээр зүрх судас, уушгины өвчлөл, /зүрхний шигдээс, цус харвах/ урагт нөлөөлөх, генийн өөрчлөлт үүсгэх, дотор муухайрах, бөөлжих, сэтгэл санаа тогтворгүй болох, өөрийгөө хянах чадвар алдах, ой тогтоолт буюу сэтгэн бодох чадвар муудах, бие сульдах ядрах, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй.

Тамхи огт татдаггүй өсвөр үеийнхэн электрон тамхи татсанаар цаашдаа тамхинд орох эхлэлээ тавьж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсан. Тамхины аюулгүй хувилбар гэж байхгүй бөгөөд электрон тамхинд амт үнэр оруулагч нэмсэн байдаг учраас залуус сонирхож, турших магадлалтай байдаг байна. Тиймээс ялангуяа өсвөр үеийнхнийг хэрэглэхгүй байх тал дээр хатуу анхаарал хандуулах ёстой гэжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close