НийтлэлБайгаль орчинОнцлох

Үндэсний баялаг

Би Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгонд өссөн. Бараг бүхэлдээ жоншны нөөцтэй болох нь тогтоогдсон уг газарт суурьшил бий болоход тулгамдсан ганцхан асуудал нь ус байв. Далайн түвшнээс дээш 1000-1500 метр өргөгдсөн хуурай хээрийн бүсэд оршдог Бор-Өндөрийн усыг Хэнтий аймгийн Дархан сумын нутаг байрлах гүний худгаас 45 км шугам хоолойг татаж шийдсэн. Улмаар Бор-Өндөрийн жонш боловсруулах үйлдвэрийг түшиглэсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, дэлгүүр хоршоо гээд байхгүй юмгүй суурин сүндэрлэн боссон юм. Өдгөө 15 мянгуулаа болсон Бор-Өндөрчүүд уг хоолойгоор дамжуулан гүний усаа хэрэглэсээр буй. 

Зуны халуунд уурхайчдын хүүхдүүд мод услах нэрээр цонхоороо “шланк” гаргаж нэг нэгэн рүүгээ ус шүршиж тоглоно. Тагтан дээрээс гялгар ууттай ус хүмүүсийн толгой дээр шидэж сахилгагүйтнэ. Ус хэмнэх тухай хичээл сургалтын программд байгаагүй үе л дээ. Зарим хүүхдүүдийн сахилгагүйтэл хэтэрч уурхайн овоолго шороонд дундах гүнзгий тогтоол усанд арьсаа сайртаж, хужирттал сэлж тоглоод аав ээждээ “гөвүүлнэ”. 

Гол горхигүй говийн хүүхдүүдэд сууринаас гурван километр орчим зайд байх тэр тогтоол ус халуун сайран дундах Баянбүрд шиг л санагддаг байж. Тэр нь үйлдвэрийн Жонш баяжуулах, боловсруулах технологид хэрэглэсэн саарал усаа тунгааж дахин ашиглахын тулд  үүсгэсэн цөөрөм буюу бидний өнөөх “Баянбүрд” байж л дээ. 

Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрээс гадна Эрдэнэтийн үйлдвэр ч газрын доорх усыг шугам хоолойгоор алс зайд дамжуулан хэрэглэж, ашигладаг юм билээ. Гүний уурхай учраас гүнээс ундарч буй усаа шавхаж, дараа нь олборлолтоо явуулна. Шавхсан усаа ч дахин ашиглаж буй нь манай улсын хувьд сайн туршлага хэдий ч туйлын хангалтгүй дүр зураг юм.

Хангалтгүй гэдгийг би санамсаргүй хэлсэнгүй. Бид анхнаасаа буруу хэрэглээтэй байсан улс. Учир нь  усны нөөцийн гучхан хувь нь газрын доорх ус. Ийм байтал бид газрын доорх усаа түлхүү ашигласаар л байна. 

Дунд сургуулиа төгсдөг жил Дундговьд байдаг малчин эгчийндээ зуны амралтаараа очив.  Эгч минь хоёр хүүтэйгээ цөөхөн хэдэн малтай, ганц гэрээрээ зусна. Говийн айлууд ганц гэрээрээ буудгийг гайхсан надад малчид хоёр гурван гэрээрээ буучихвал худгийн жаахан ус  хүрэлцэхгүй, мал услах тоолондоо худгаа шавхаж, дахин ундрахыг нь бараг өдөржин хүлээх болдгийг эгч минь учирлан тайлбарлаж билээ. Усаар туйлж өссөн надад тэр нь усны үнэ цэнийг мэдрүүлсэн зун болсон юм.

Хурц нар эгц дээрээс төөнөж, хаяа нэг шаргалтсан өвсний толгой халуун салхинд бөхөлзөн нүдэнд торох юмгүй говьд ус шиг үнэтэй зүйл үгүй. Худаг дээр хамрын самсаа нь хонхойж, цангасан хонь, ямаа майлалдан багшралдана. Ховоогоор ус татаж мал усална гэдэг ёстой л шийртэй эрчүүдийн хийдэг ажил ажээ. Тэр дундаа говийн худаг үд гэхэд дундарч, татардаг учир үүрийн гэгээгээр ховоо татах ажил эхэлнэ. 

Дундговьд тухайн үед бичил уурхай эрхлэгчид буюу гар аргаар жонш олборлогчид олширч бэлчээрийн чанарыг доройтуулж, усны хомсдол үүсгэж байсан нь нутгийн малчдыг бухимдуулж байв. Зуны дэлгэр цагт цагаа идээ идэж, агаар салхинд амрах зорилготой явсан би усны төлөөх тэмцэл хөдөө хэрхэн өрнөж буйг нүдээр үзээд буцсан билээ. 

Ус чандмань эрдэнэ мөн юм бол, хүн төрөлхтний хамгийн үнэт эрдэнэ ус юм бол, түүний төлөө төрийн бодлого яагаад чиглэгдсэнгүй вэ? Социализмын үед “мал бол Монгол орны үнэт баялаг” гэж тунхагласны уршгаар малынхаа төлөө хүмүүс амиа алдах тохиолдол багагүй гарч байв. Ардчиллын шуурга дэгдсэн жилүүдэд мөнгөний төлөөх тэмцэл өрнөж хөлтэй бүхэн “гахай үүрч” наймаа хийж, үр хүүхдээ хүртэл умартаж байв. Түүний дараа газар доороо асар их баялагтайгаа мэдсэн монголчууд түүний төлөө улайрч, ажлаа, малаа хүртэл орхиж ногоон төмпөн үүрээд газар ухаж байсан. Энэ бүхний хаа нэгтээ “усаа хайрлах хэрэгтэй” гэх ухамсар бидэнд байсан бил үү?

Малаа маллаж, газар тариалангаа эрхэлж, уул уурхайг хөгжүүлж ашиг шимийг нь хүртэхийн тулд бидэнд гагцхүү ус хэрэгтэй. Амьд байгалийн оршин тогтнох үндсэн нөхцөлийн нэг болох хамгийн үнэ цэнтэй ашигт малтмал, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцож, үр ашгаа хүртээж байдаг стратегийн чухал баялаг гэдгийг өнөөдөр ч бид гүйцэд ухаарсан гэж үү? 

Хожим надад Оюу Толгойн ил уурхайн бүтээн байгуулалттай танилцах боломж олдов. Оюу Толгой ХХК усыг хамгийн хэмнэлттэй байдлаар ашиглах бодлогыг тууштай барьж зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага ус ашиглахад гүний хоолойн усны орд газрын нөөцийн дөнгөж 20 хувийг ашиглаж, 80 хувь нь байгальдаа үлдэнэ гэсэн тооцоолол гаргажээ. Тэдний тооцоолол бодитой болохыг батлах олон шийдлийн нэг нь усны дахин ашиглалт, цэвэршүүлэлт байв.  Дэлхийн бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний ус ашиглаж, байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгасан байна. Мөн ус дахин ашиглалтын түвшин 90 байгааг 100 хувьд хүргэхээр ажиллаж байгаа гэв. 

Сүүлийн үеийн шинэ технологи ашиглаж, усны хэрэглээний шат дамжлага болгоныг хянаж, нийлүүлэх тогтолцоог дэлгэрүүлэн нуршилгүй орхиё. Өмнөговь аймгийн Ханбогд болон хөрш сумуудад байгаль орчны хяналт мониторинг, бэлчээрийн менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах хөтөлбөр болон бусад байгаль орчин, орон нутаг болон тогтвортой хөгжлийн төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж тухайн газар оронд нь тохирсон ургамлуудыг нутагшуулан бэлчээрийн чанарыг сайжруулахаар ажиллаж буй анхны уул уурхай ажээ. 

Усны Газар Оюу толгой орчимд хяналтын дөрвөн цооног байгуулан хяналтын багажийг суурилуулсан нь усны түвшин болон зарим физик үзүүлэлтийг минут тутам хэмжиж мэдээлэлдэг юм байна. Энэ мэдээлэл орон нутгийн иргэд, сонирхогч талуудад нээлттэй.

Уурхайчны гэр бүлд өссөн надад цоо шинэ мэдрэмж өгсөн Оюу Толгойн аялал дээр дурдсан үнэт баялагийн тухай асуултуудад тодорхой хэмжээгээр хариулт өгөх шиг санагдсан.  

Тэр өдөр миний таних багшийн сургуулийн оюутан “уул, усны тухай дуу шүлэг зохиож, хүүхэд багачуудад заахаас илүү ус хэмнэх технологи зохиож, байгаль хамгаалах сэтгэлгээнд суралцуулах нь чухал юм” гэж цахим хуудсандаа нийтэлснийг уншаад надад улам ч итгэл төрсөн билээ. Улсын үнэ цэнэ, үнэт баялаг юу вэ гэдгийг хойч үе минь ухамсарлаж, байгаль ээлтэй үйлдвэрлэл, уул уурхай, бүтээн байгуулалт хийж буй компаниуд шинэ эринд түүчээлж эхэлжээ.  

Монгол улс зэс алтаар зогсохгүй бусад нэн ховор ашигт малтмалын нөөцөө ашиглах нь цаг хугацааны асуудал. Харин үнэлэж барашгүй үндэсний баялаг болох усаа хэрхэн хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглах вэ гэдгээ маш нарийн тодорхойлох шаардлага хүлээгдэж байна.

Б.Дэнсмаа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close