ЗТЯFocus

Австрийн төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөлтэй уулзав

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Австри Улсын төмөр замын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөллийг хүлээн авч уулзав

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монголд төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 1000 орчим км төмөр зам барьсан бөгөөд Улаанбаатар хотод удахгүй 100 гаруй км урттай LRT зам барих гэж байгааг онцлов.

Мөн “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд баригдсан төмөр зам нь говийн нутагт баригдсан тул зам элсэнд дарагдсанаас вагон замаасаа гарах нь элбэг. Иймд элс, шороо зайлуулах техник, технологийг сонирхож байгаа.

Европ төмөр зам барих туршлага арвин учраас иргэдийг тав тухтай зорчуулах, вокзалыг хэрхэн зөв зохион байгуулалттай барих чиглэлээр та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Ялангуяа Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх зорилгоор хэрэгжүүлэх LRT төслийн хувьд шигүү зам, байшин, барилгууд дунд LRT хэрхэн зөв барих талаар мөн туршлага судлах хүсэлтэй байна.

LRT-д цахилгаан их шаардагддаг, өмнө нь бид цахилгаан нийтийн тээвэр ашиглаж байгаагүй тул олон улсын туршлага их хэрэгтэй байгаа” хэмээн дурдаад, туршлага судлах, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хариуд нь БНАУ-аас Бээжин хотод суугаа Элчин сайдын яамны Худалдааны зөвлөх ноён Франц Рёсслер “Австрийн эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгчийн хувьд урьд өмнө нь байгаагүй том бүрэлдэхүүнээр Монголд ирж байгаад баяртай байна. Австри улсын бизнесийн салбарт амжилттай явж байгаа бизнесийн төлөөлөл энд хүрэлцэн ирсэн. Бид ирээдүйн хамтын ажиллагааны талаараа Бээжин хотод байдаг ЭСЯ-наас хавсран хариуцдаг төлөөлөгчөөр дамжуулан мэдээлэл солилцон хамтран ажиллах боломжтой. Австрийн тал найдвартай түнш, хамтрагч байж чадна” гэдгээ илэрхийлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close