Онцлох

Н.Учрал: Цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудыг харилцан уялдаатайгаар хөгжүүлнэ

Төрийн үйл ажиллагааг цахимжуулах, салбаруудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим багц хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, түншлэлийг бэхжүүлэх зорилго бүхий “Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгаар өнөөдөр /2022.11.05/ зохион байгуулж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал арга хэмжээг нээж танилцуулсан илтгэлдээ: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гол онцлог бол салбар дундын уялдааг хангах, мэдээллийн технологийн дэвшлийг салбар бүрт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Миний хувьд цахим хөгжлийн асуудлыг эрхэлсэн хүнд суртлын эсрэг сайд гэж өөрийгөө ойлгож байгаа. Цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа холбоо хамгийн чухал. Цахим шилжилтийг дэмжсэн багц хуулиуд батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Салбаруудад ашиглагдаж буй мэдээллийн системүүд хоорондоо тохирч угсрагддаггүй, нэгдсэн шаардлага, стандарт байхгүй, ойлголтын зөрүү их, хамтын ажиллагаа хангалтгүй, хуулиас давсан дүрэм, журмууд хэрэгжсээр байгаа нь цахим шилжилтийг удаашруулж байна. Иймд:

-Дүрэм, журмын саад тээгийг арилгах

-Салбаруудын цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдэх

-Систем, дэд бүтцээ харилцан уялдаатайгаар хөгжүүлэх

-Үндэсний клауд дэд бүтцийг бий болгох

-Төрийн байгууллагуудын ERP ашиглалтыг сайжруулах, албан бичиг солилцооны дундын систем нэвтрүүлэх

-Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлж, менежментийн шинэчлэл хийх

-Төрийн албанд мэдээллийн технологийн чиглэлийн чадварлаг хүний нөөц тогтвортой ажиллах боломжийг бий болгох

-Ухаалаг аймаг, хотын стандартыг нэвтрүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, үйл ажиллагааны процессын шинэчлэл нэн чухлыг онцолсон юм.

Арга хэмжээнд бүх яамд болон төрийн 70 орчим байгууллагын удирдлагууд оролцож, салбар бүрт хийгдэж буй цахим шилжилтийн бодлого, төлөвлөгөөний хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн, мэдээлэл солилцлоо. 

ЦХХХЯ нь бусад яамд болох БХБЯ-тай хамтран хаягжилтын асуудлыг цэгцлэх, мэдээллийн технологийн тусгай бүс байгуулах, ХЗДХЯ-тай хамтран 169 хуулийн давхардлыг арилгах, дүрэм, журмын түгжээг арилгах багц хуулийг өргөн барих, ЭМЯ-тай хамтран эмийн цахим бүртгэлийн систем нэвтрүүлэх, ЭЗХЯ-тай хамтран E-Business системийг нэвтрүүлэх, Шадар сайдтай хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн стандартыг боловсруулж, батлах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close