Гадаад харилцааОнцлохФото сурвалжлага

Унгарын нэрт яруу найрагч Пэтөфи Шандорын дурсгалын самбарыг Үндэсний номын санд заллаа

Жил бүрийн 10 дугаар сарын 23-нд Унгар Улс Бүгд Найрамдах улсаа тунхагласан тэмдэглэлт өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Дэлхийн эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжигч, Унгарын нэрт яруу найрагч Пэтөфи Шандорын мэндэлсэний 200 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн самбарыг Монгол Улсын Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд залах ёслол /2022.10.21/ боллоо.

Дурсгалын самбарыг нээлтийн ёслолд Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, доктор Обрушански Борбала Анна, Соёлын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Унгарын Элчин сайдын яамны Дэд тэргүүн, ноён Цүцаи Аттила, Монгол Улсын Их Сургуулийн Унгар хэлний багш Далма Бэрэц, Унгарын ЭСЯ-ны хамт олон болон Унгарт төгсөгчдийн төлөөлөл оролцлоо. Монгол-Унгар улсын ард түмний уламжлалт найрсаг харилцааны хүрээнд зохиогдсон энэхүү арга хэмжээний үеэр Унгарын уран зохиолын дээж 108 боть номыг Унгарын Засгийн газраас Элчин сайдын яамаараа дамжуулан Үндэсний номын санд гардуулан өгсөн юм.

Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, доктор Обрушански Борбала Анна хэлэхдээӨнөөдөр бид 1956 оны Унгарын хуьсгалыг дурсах, 19 дүгээр зууны Унгарын нэрт  яруу найрагч, эрх чөлөөний билэг тэмдэг болсон Пэтөфи Шандорт зориулсан дурсгалын самбарыг нээх ёслолд оролцож байна. Өнөөдрийн арга хэмжээ Унгар Монголын харилцаанд чухал ач холбогдолтой. Унгарын нэрт яруу найрагч Пэтөфи Шандорийн тухай монголчууд маш сайн мэддэг. Түүний шүлэг, яруу найргийг анх академич Б.Ринчен, дараа нь орчуулагч Го.Аким нар монгол хэлнээ орчуулж, уншигчдын хүртээл болгож байсан. Монгол Унгар хоёрын дунд ямар холбоо байгаа вэ гэвэл бид яруу найраг шүлгийг манай өвөг дээдэс Хүннүчүүдээс өвлөн авсан гэж үздэг. Тиймээс ч Пэтөфи Шандорийн шүлэг, сэтгэл санаа, үзэл бодол монголчуудынхтай таарч байна гэж бид үздэг. Пэтөфи Шандор мажар түмнийг хувьсгалд уриалсан “Nemzeti dal” буюу “Үндэстний дуулал” алдарт шүлгээ туурвисан нь Унгарт эрх чөлөөний төлөөх хувьсгалын сүлд дуулал, урам зориг нь болсон бөгөөд өдгөө Унгарын эх оронч шүлгийн сонгодогт тооцогддог юм” гэв.

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэлэхдээ “Энэ танхим өнөөдөр Унгарын эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Петөфи Шандорийн бидэнд үлдээсэн амин сүнсээр амьсгалж байна. Монгол улсын Үндэсний номын сангийн хамт олон бид дэлхийн уран зохиолд хүндэтгэлээ үзүүлэх ёстой. Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд хүн бүхэн дэлхийн уран зохиолын түүхээр амьсгалж, тэндээс хүн төрөлхтний соёлын хамаг шинэ бүхнийг тархи, оюун сэтгэлдээ нэрж байдаг. Унгарын үндэсний баярыг тохиолдуулан энд хүрэлцэн ирсэн эрхэм зочиддоо Монголын уншигчдынхаа өмнөөс баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монголын уншигчдад зориулан Унгарын шилдэг уран бүтээлч зохиолчдын 108 боть номыг ирүүлсэн Унгарын ард түмэнд гүн талархлаа илэрхийлж байгааг хүлээж авна уу. Монголын уншигчдын үзүүлж байгаа өргөн хүндлэл гэж эрхэм дотнын журмын нөхөд минь хүлээж аваарай. Унгарын ард туүмний  бүтээсэн зуу зуун жил, мянга мянган жилийн турш бүтээсэн уран зохиолын шилдэг дээжүүдийг монголынхоо уншигчдад хүргэх энэ их ажлын нэгээхэн хэсэг нь монголын уншигчдын эртний танил болсон эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, Шандор Петөфийн гэрэлт самбарыг их уншлагынхаа танхимын нэгээхэн хэсэгт хүндэтгэн залж байгаа хэрэг юм. Энэ бол хоёр орны эв найрамдалт харилцаа, уншигчдын бие биенээ ойлгодог халуун элгэн сэтгэл, дээр нь монголын уншигчдаас дэлхийн уран зохиолд үзүүлж байгаа хүндэтгэл гэж ойлгож болно. Та бидний зохиол, эрх чөлөөний төлөөх үзэл, соёлын түвшинд ойлголцох их ойлголцол, итгэлцэл, бие биеэ дэмжих ариун сэтгэл, дэлхий насыг уртасгаж, утга зохиолын их хайрыг улам урт удаан үргэлжлүүлэх болтугай” гэв.

Энэ үеэр П.Шандорын алдарт “Ойн шувуу жиргэх нь ондоо” шүлгийг Үндэсний номын сангийн номын санч Х.Нарандулам монгол хэлээр, “Янаг амраг, эрх чөлөө” шүлгийг Унгарын Элчин сайдын хүү Эндре Таллош мажар хэлээр хүрэлцэн ирсэн зочдод уншиж сонордууллаа. Төгсгөлд Монгол улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт үе дамжин хадгалагдах боть номын дээжийг гардуулан өгч, батламж олгов.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close