Байгаль орчинНогоон АзиОнцлохФото сурвалжлагаШинэ мэдээ

Төсөөллийн ой төслийн хоёр дахь шат эхэллээ

БНСУ-д төвтэй “Ногоон Ази сүлжээ” ОУТББ-ын дэргэдэх Монголын ойн аж ахуйн сургалтын төв нь БНСУ-ын KT&G группын “Төсөөллийн сан” нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад 2017 онд байгуулагдан, 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус сургалтын төвд ”Ногоон Ази сүлжээ” ТББ-ын орон нутаг дахь ойжуулалтын талбайн ажилчид, нийслэл, орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлт, ойжуулалт, мод үржүүлэг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, нөхөрлөл, хоршооны сургалтуудыг зохион байгуулж ирлээ.

2021 оноос хэрэгжүүлсэн “Төсөөллийн ой” төслийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр ойн төгөл байгуулах, гэр хорооллын 500 өрхөд жимсний мод (чацаргана)-ны суулгацыг хүлээлгэн өгч,  иргэн бүр модоо илүү сайн ургуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор мод тарих, арчлах талаарх сургалтыг зохион байгуулав.

Төслийн хоёр дахь шатны арга хэмжээ /2022.10.12/ өчигдөр эхэлж, Сүхбаатар дүүргийн 15, 16, 18 дугаар хорооны иргэдийг хамруулж байна. Тус арга хэмжээнд хороодын нийт 500 өрхийг хамруулсан сургалт, суулгац хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэдийн оролцоо, хандлагыг нэмэгдүүлэхэд бага ч болов хувь нэмэр оруулна хэмээн харж байна. Ирэх жилээс зарим хороодын нийтийн эзэмшлийн зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Дашрамд дуулгахад, “Ногоон Ази сүлжээ” ОУТББ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол орны хэд хэдэн газарт орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн ойжуулалт хийж, нөхөрлөл, хоршоог байгуулан 20 орчим жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн олон улсын ашгийн төлөө бус байгууллага юм. Эдүгээ Архангай, Булган, Дундговь, Төв аймаг, нийслэл хот зэрэг нийт 9 газрын 850 орчим га талбайд ойжуулалт хийж, 150 орчим иргэдийг ажлын байраар хангаад байна.

Монгол оронд цөлжилтийг сааруулах, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний жишиг загвар болохуйц ажил болж чаджээ.

НОГООН АЗИ СҮЛЖЭЭ ТББ-ЫН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close