БоловсролОнцлохОрон нутаг

Дундговь аймагт “Ид шидийн орон-3” жишиг төв нээгдлээ

“Ид шидийн орон-3” жишиг төв Дундговь аймагт /2022.10.12/ нээлтээ хийлээ. 21 аймгаас анхдагч болсон Хүүхэд хөгжил, хамгааллын тус төв нь 100 хувь хандиваар бослоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус төсөл хоосон газарт шав тавин хандивын үйл ажиллагаагаа эхэлж байсан бол байгууллага, хувь хүмүүсийн хандив, дэмжлэг, оролцоотойгоор “Ид шидийн орон-3” ордон сүндэрлэж, энэхүү ордны эзэд бяцхан хүүхдүүд баяр жаргал дүүрэн тууз хайчиллаа.

“Лантуун дохио” ТББ орон нутагт “Ид шидийн орон-3” төслийг хамтран хэрэгжүүлэхээр шалгаруулалт явуулж, Дундговь аймгийн “Гэрэлтдэг ертөнц” ТББ хүсэлт илгээн, аймгийн ЗДТГ, мэргэжлийн бусад байгууллагуудын дэмжлэгийг авч чадсанаар тус аймагт төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр үр дүнгээ хандивлагчиддаа тайлагнаж байна. ТББ-ын залуучууд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, тус төвөө ийнхүү хүлээлгэн өгч байна.

“Ид шидийн орон”-ны нээлт таван өдөр үргэлжилж, хүүхэд, залуучууд, эцэг эхчүүдэд үйл ажиллагаагаа танилцуулах юм. “Ид шидийн орон-3” жишиг төвийн нээлтийн үеэр “Гэрэлтдэг ертөнц” ТББ-ын тэргүүн М.Санжаасүрэнтэй ярилцаж, дараах тодруулгыг авлаа.

-Үнэхээр сайхан үйл явдал болж байна. Сэтгэгдлээ хуваалцаач!

-Өнөөдөр бол үнэхээр гайхалтай өдөр болж байна. Яагаад гэвэл энэ “Ид шидийн орон-3” төвийг анх үүсгэн, бүтээсэн хүмүүс буюу бяцхан хүүхдүүд маань энэ барилгын талбайг эзэгнэж, цугларсан байна. Хичнээн хүүхэд ирсэн байгааг тоолж мэдэхгүй байна.

Яг үнэндээ энэ төсөл бол хүүхдүүдээс л эхэлсэн. Энэ бол тэдний хүсэл байсан. Тэдний бариад ирсэн 20 төгрөгөөс, 50 төгрөгөөс эхэлсэн. Өөртөө хэрэгцээтэй байгаа зүйлд хөрөнгө оруулалт хийж болдог гэдгийг хүүхдүүд маань батлан харууллаа.

Тэдний хувьд хөрөнгө оруулалт зөвхөн мөнгөөр хязгаарлагдсангүй, өөрсдийнхөө чадах чадахаар шороо зөөж, хог цэвэрлэж, юунд л тусалж чадахаар байна, тэр бүх сэтгэлээрээ оролцсон. Тэгэхээр хүүхдүүд маань байгаа орчныхоо эзэн нь мөн юм шүү гэдэг нь харагдаж байна. Эрх дураараа, хүүхэд бүр баяр баясгалан дүүрэн тоглож, дуулж, хүүхэд хөгжлийн асуудал сонирхол сонирхлоороо явагдаж байгаа нь маш их сэтгэл хөдөлгөж байна.

-Төслийг хэрэгжүүлэхэд хамгийн сайхан зүйл нь юу байсан бэ?

-Энэ төслийг “тэг” байхаас нь эхлээд “Лантуун дохио” ТББ-ынхан, Ид шидийн орон 1, 2-ын залуустайгаа нийлээд 70-80 хүний бүрэлдэхүүнтэй 5-6 сарын хугацаанд тасралтгүй ажиллаж, бид энэ их ажлын ард гарч  чадлаа. Орон нутагт ч, Улаанбаатарт ч, бүр гадаадын улс оронд ч тасралтгүй ажилласан. Энэ бол үнэхээр “ИД ШИД” байлаа.

Гэхдээ энэ бол тус төвийн үйл ажиллагааг цаашид тогтмол авч явах бидний хувьд зөвхөн эхлэл. Хэдийгээр бид маш том бүтээн байгуулалт хийгээд төвөө байгуулсан ч гэсэн цаашдаа жинхэнэ үйл ажиллагаагаа явуулж, хүүхдүүдээ хэрхэн хөгжүүлэх нь бидний ирээдүйн зорилго. Өнөөдрийн бид бүгдийн хүрсэн энэ амжилт бол оюун санааны хувьд, хүмүүсийн хандлагыг өөрчлөх маш том өөрчлөлт гэж харж байгаа.

“Энэ бол эхлэл” гэлээ. Үүнийг тодруулах уу?

-“Ид шидийн орон-3” жишиг төв маань 21 аймагтаа анхдагч нь учраас үлгэр жишээ болсон төв байх ёстой. Маш том үүрэг, хариуцлага, итгэл найдвар биднийг бүлээж байна. Өнөөдөр л гэхэд Говь-Алтай аймгаас ЗДТГ-ын мэргэжилтэн туршлага судлах гээд зориод ирсэн байна. Энэ бол бидний араас 20 “Ид шид” бий болно гэсэн үг.

Та бүгдийн өгсөн хандив ирээдүйн Дундговийн хөгжлийг, улс орны хөгжлийг бүтээж байгаа, цаашлаад дэлхийн хөгжилтэй хөл нийлэх иргэдээ бэлтгэж эхэлнэ, тиймээс сэтгэл, зүрхээ зориулсан хүн бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Цаашдаа ОУБ-ууд, хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр ажилладаг маш олон байгууллагатай бид нар хамтран ажиллах болно. 21 аймагтаа “Ид шидийн орон”-той болж, үржээсэй гэж хүсч байна.

Манай төв үндсэн 7, сайн дурын 7 багштайгаар 18 төрлийн сургалт, 10 төрлийн клуб, 10 гаруй хөтөлбөрийн дагуу өдөрт дунджаар 320-360 хүүхдэд хүрч ажиллах боломжтой. Тиймээс маш их ажил биднийг хүлээж байгаа гэсэн үг шүү дээ.

Дундговь аймаг

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close