УИХТамирчдын амжилт

Мэргэжлийн сумогийн Миягино дэвжээний эзэн болсонд баяр хүргэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2022.10.12) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд сумогийн залуу хойч үеийг бэлтгэх өрнүүн үйлсийг эхлүүлсэнд нь амжилт хүсэв.

Их аварга Хакухо М.Даваажаргал Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд дөрвөн жилийн дараа эх орондоо амжилт дүүрэн ирсэндээ баяртай байгаагаа онцлов. Тэрбээр, 20 жилийн хөдөлмөр, зүтгэлээ шингээсэн Миягино дэвжээнийхээ эзэн болж, сумогийн замналаа үргэлжлүүлэх болсноо дурдаад Япон, Монгол орны хоёр орны соёлын элчийн хувьд цаашдын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьж байна гэлээ.

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулах, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого, ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллаж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад суралцаж, ажиллаж, амьдарч буй залуусыг эх орондоо ирж мэргэжлээрээ ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг чадвартай хүний нөөцийг дотооддоо төвлөрүүлэх зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Тэрбээр эдийн засгийн өсөлт, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол, Японы харилцааны бэлгэ тэмдэг, соёл, аялал жуулчлалын элч Хакухо М.Даваажаргалыг түүчээлэн оролцож, дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг мэргэжлийн сумогийн Миягино дэвжээний эзэн болсонд баяр хүргэлээ. Мөн түүний ээж Ө.Тамирт эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ улс орныхоо нэрийг дэлхийд таниулсан бахархалт хүү өсгөн хүмүүжүүлсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал өөрийн зодог тайлах болон Миягино нэрийг өв залгамжлах сумогийн их ёслолын урилгыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close