БоловсролнитхОнцлох

СХД-т хичээлийн шинэ жилийн бэлтгэл 90 хувьтай байна

Нийслэлийн  ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр /2022.08.23/ Сонгинохайрхан дүүрэгт  ажиллалаа.  Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил, 2022-2023 оны хичээлийн  жилийн бэлтгэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон авто замын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцыг шалгаж, газар дээр нь танилцсан юм.  Энэ  жил тус дүүрэгт 128 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын ажлын 60 гаруй хувь нь гүйцэтгэлийн шатанд байгааг албаныхан хэлж байна.  \

Дүүргийн хэмжээнд энэ онд  6 шинэ сургууль болон 2 сургуулийн өргөтгөлийн байрыг барина.  Мөн энэ жилээс бүх  хүүхдийн цэцэрлэгт хамруулах үүднээс төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байгааг мэдээллээ.  Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Мөн хөдөө аж ахуй, агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбай, халтиргаа гулгаа техникийн бэлэн байдал, орон сууцны контор, халаалтын зуухны засвар шинэчлэл, инженерийн шугам сүлжээ, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг хэд, хэдэн чиглэлээр  өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж байгаа бөгөөд дээрх үйл ажиллагааны биелэлттэй төлөөлөгчид танилцлаа.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Толгойт дэд төвд ажиллав  

Төлөөлөгчид мөн Толгойт дэд төв дээр ажиллав. Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34, 35 дугаар хороонд нийт 153,4 га газарт нийгмийн барилга байгууламж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг энэ хүрээнд хийнэ. 

Энэ үеэр тухайн бүтээн байгуулалтыг хариуцагч гүйцэтгэгч компани болон төсөл хэрэгжүүлэгчид ажлын явц болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээллийг төлөөлөгчдөд уламжлав. Толгойт дэд төв дэх сургалтын төвийн барилга угсралтын ажил 2022 оны гуравдугаар улиралд эхэлсэн бөгөөд хэдийгээр барилга угсралтын ажил үргэлжилж буй боловч дулааны техникийн нөхцөлийг шийдүүлээгүй байгаа нь үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байгааг хэллээ. 

“Таван шар”-д дахин төлөвлөлтөөр 6 блок 990 айлын орон сууц барина 

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар  хороо  таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон.  Энэ хүрээнд нийт 6 блок 990 айлын  орон сууц барих төслийг хэрэгжүүлэх бөгөөд төлөөлөгч өнөөдөр төслийн гүйцэтгэгч талынхантай уулзан, зарим мэдээллийг авлаа. 

Эхний ээлжинд 2 багцын 165 айлын  орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулсан бөгөөд бүх иргэдтэй гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм. Одоогийн байдлаар тухайн төслийн ажилд ямар нэгэн хүндрэл учраагүй үргэлжилж байгаа бөгөөд төлөөлөгчдийн зүгээс тухайн компанийг иргэдтэй хурдан хугацаанд боломжит хэлбэрээр зөвшилцөн ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөлөө.

Төсөл хуваарь ёсоор  үргэлжилбэл эхний  2 барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох бөгөөд, ирэх есдүгээр сарын 15-наас барилгыг нурааж эхлэх аж.  

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close