Тамирчдын амжилтОнцлох

Монголын тамирчдын өдөр”-ийг 86 дахь жилдээ тэмдэглэлээ

 “Монголын тамирчдын өдөр”-ийг энэ сарын 26-нд спортын салбарын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Монголын “Монголын тамирчдын өдөр”-ийг жил бүрийн 6 дугаар сарын сүүлчийн 7 хоногийн ням гарагт зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн хувьд 86 дахь жилдээ тэмдэглэсэн бөгөөд энэ өдрийн оргил цаг нь тамирчдын жагсаал, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол болж, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын газрын дарга нарын хүндтэй эрхмүүд оролцов.

Түүнчлэн спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин болон олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальт тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал байв.

Спортын төв ордны “А” зааланд хийсэн “Тамирчдын өдөр”-ийн баярыг БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан нээж хэлэхдээ: “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас спортын салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон ч “Токио 2020” зуны олимп, паралимпын наадам, “Бээжин 2022” өвлийн олимп, паралимпын наадмын бэлтгэл ажлыг тасралтгүй хангаснаар манай тамирчид бэлтгэл сургуулилалтаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийн  “Токио 2020” зуны олимп, паралимпын наадам, Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпын наадмуудад амжилттай оролцлоо. Тамирчдын 2022 оны баярыг тэмдэглэж буй энэ цаг үед жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнийг Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж, “Парис-2024” олимпын эрхийн оноог олгох ба Монголын спортыг олон улсын түвшинд сурталчилсан түүхэн үйл явдал болж байна. Спортын төлөө сэтгэл зүрхээ зориулан дэмжиж байдаг төрийн түшээд, тамирчдын ар гэрийг нь хариуцлагатай авч явдаг эцэг эх, ахан дүүс, гэр бүлийн гишүүд, ивээн тэтгэгч байгууллага, ААН, компани, хувь хүмүүс та бүхэнд үе үеийн тамирчин, дасгалжуулагч, биеийн тамир, спортын салбарын нийт ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцоллоо.

Тус тус нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр үг хэлсэн бөгөөд ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Захиргаа хүний нөөцийн удирдлагын газрын дарга Д.Балжинням, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн референт Г.Оюунтунгалаг нарын  эрхэм хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Э.Энхсоёл, Ш.Лочин, И.Тэсхүү, Б.Дүвжид нарыг шагнаж, Биеийн тамир, спортын улсын хорооны “Жуух бичиг”-ээр Д.Соёлмаа, Б.Батчимэг, А.Пүрэвсүрэн, Э.Энхтөгс, Ц.Ариунзул нарыг шагнаж урамшууллаа.

Мөн “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Г.Дашчанарав нар ая дуугаа өргөсөн бол Зэвсэгт хүчний “Үлгэр жишээ” үлээвэр найрал хөгжимчид, бөмбөрийн “UB dreams”, цацагтай аэробик гимнастик, Говьсүмбэр аймгийн “Хар сувд” баг, Баянзүрх дүүргийн спортын гимнастикийн баг, “Хатан туул” хамтлаг , “Эх орон” бүжгийн спортын холбоо, брейк бүжиг, ф моби дасгал, таеквондогийн үзүүлэх тоглолтууд болсон юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close