НийтлэлFocus

Тэргүүн фронтын дайчин

Өнөөдөр онцгой байдлын алба байгуулагдсан өдөр. Одоогоос 19 жилийн өмнө буюу 2003 оны зургадугаар сарын 20-ны энэ өдөр УИХ-аас Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталснаар орчин цагийн онцгой байдлын алба байгуулагдах суурь нь тавигджээ.

Энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх орчин бүрдсэн байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог”-тоо ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ц.Уранчимэгийг урьсан юм.

“Сайхан хоолоор үйлчилсэн найрсаг хамт олонд баярлалаа” гэсэн сэтгэгдэл их байв.

Хотоос 20 гаруй км газарт Богд уулын нэгэн ам Жаргалантад байдаг болохоор эрүүл агаартай, дуу чимээнээс хол диваажингийн орон гэмээр. Түүний удирдсан энэ ангид эмх цэгц, сахилга дэг журам, алтан гарт эмч, тогооч, үйлчлэгч гээд халуун дулаан эрч хүчтэй сайхан хамт олон бүрджээ. “Талархлын булан” гэсэн самбар дээр шар өнгийн цаасан дээр ахмадуудаас эхлээд V ангийн хүүхдүүд сайхан хоолоор үйлчилсэнд баярлалаа гэж бичсэн байв. Эмч, сувилагч нар нь хөгшин залуу хэнийг ч ялгалгүй толгой чинь өвдөөгүй биз, даралт хэвийн үү, даарч болохгүй шүү гэж санаа тавина. Энэ сувилалд онцгой байдлын алба хаагчид, гал, ус руу амиа золиослон ордог аврагчид хөнгөлөлттэй хамрагдахаас гадна гэр бүлийнхнийгээ амрааж сувилуулж байна. 2003 онд баригдсан барилга муудсан байхад нь онцгой байдлын хэлтэс, албатууд өөрсдөө санаачлан дотоод нөөц бололцоогоо ашиглан өнөөдрийн энэ тохь тухтай амрах орчныг бий болгосон аж.

Нийтлэлийн баатар маань ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангид 2018 оны нэгдүгээр сард хурандаа н.Сүхбаатарыг гавьяаныхаа амралтад гарахад томилогдон иржээ.

2020 оны хоёрдугаар сард Улсын комиссын шийдвэрээр дэлхийд шинэ төрлийн коронавирус гарлаа. Үүнтэй холбогдуулан бэлэн байдал, ажлын хэсэг байгуулагдаад сэжигтэй тохиолдол илэрвэл хаана байрлуулах вэ гээд “Жаргалант” сувиллыг онцолсон байна.

Учир нь Онцгой байдлын онцгой үүрэг гүйцэтгэдэг эмч нарыг давхар тангарагтай гэж ярьдаг. Онцгой байдлын алба өөрөө эмчтэй, сувилалтай. Нисэхтэй ойрхон учраас Улаанбаатар руу нэвтрүүлэхгүйгээр тусгаарлан сэргийлэх боломжтой гэсэн шийдвэр гарсан байна. ЭМЯ-ны ажлын хэсэг бүх байрыг үзээд орнуудыг байрлуулаад хоорондын зай тийм байна, хоол ундыг гадна талд нь тавих ширээ, сандал хэрэгтэй. Халдвар хамгааллын дэглэм, эмч, эмнэлгийн ажилчид энд байрлаж, бүх бүртгэлийг энд хийх ёстой. Дээшээ гарсан хүн буцаж гарч ирэхээргүй 14 хононо гэсэн шийдвэр гаргажээ. ХӨСҮТ-өөс мэргэжлийн эмч нар ирээд халдвар хамгаалал, урьдчилан сэргийлэх, өөрсдөө өвдөхгүй байх гэсэн заавар зөвлөгөө өгөөд явсан байна. Гэтэл битүүний оройны 18:00 цагт эхний онгоц буюу сэжигтэй тохиолдол Тэгүгийн оюутнууд ирнэ гэхэд нь бүх ажилчиддаа яаралтай цугларах дохио өгөөд “Өнөөдөр олон монгол хүний эрдэнэт амь насыг хамгаалахын тулд бид үүрэг гүйцэтгэхээр боллоо. Тэргүүн фронтод бид тусгаарлан сэргийлэх арга хэмжээг авч энэ хүмүүсийг хоол цайгаар хангана. Өөрсдөө халдвар хамгааллаа сахина” гэсэн үүрэг өглөө. Дотроо хэчнээн айдастай байсан ч “За бид хамтдаа ажиллахаар боллоо” гээд өмнө нь гаргасан төлөвлөгөөний дагуу Монгол Улсад анхны тохиолдлыг хүлээн авч тэргүүн фронтод ажилласан нь Ц.Уранчимэг даргын хамт олноо хэрхэн зөв зохион байгуулж ажилласныг илтгэх биз ээ. 

Үүнээс хойш 49 удаагийн онгоцоор 1400 гаруй хүнийг хүлээн авч тусгаарлан сэргийлэх арга хэмжээг авч, эмнэлгүүдийн ачаалал ихсэхэд 2021 оны дөрөвдүгээр сарын 15-наас өвчтөн хүлээн авч 500 гаруй хүнийг эмчлэн эдгээж гаргасан байна. Эхний ээлжинд өвчтөн хүлээж авсаны дараа дельта, альфа вирусын үед ажилчид маань хүнд байсан. Дотроос халдвар аваагүй ч гэртээ байхдаа халдвар авч өвдөөд хоёр ээлжийн тулаанд орох тохиолдол гарч байсан. Энэ үед албан хаагчдыг сэтгэл санаагаар дэмжих, гэр бүлтэй нь ойлголцуулах талаас нь Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч багш нарыг гаднаас авч цахимаар байнга холбогдож “Том үүргийг гүйцэтгэхэд эх оронд маань хэрэгтэй. Энэ хүмүүс ойлгож байгаа. Бидний аав ээж, биднийг өвдөхөд хэн нэгэн энэ ажлыг хийх л болно. Тэр нь бид юм байна” гэдгийг сайн ойлголцсон. Онцгой байдлын алба хаагчид цэргийн хүн учраас сэтгэлийн хаттай байсан. Мөн гэр бүлүүд рүү нь хандсан нэлээн зүйлийг хийсэн гэж байлаа.

Нэг ээлжиндээ 60, жилд 2000 орчим хүн хүлээж авах боломжтой тус төвийн үүд энгийн иргэдэд ч нээлттэй. Цар тахлын хоёр жилийн хугацаанд тус төвийнхөн бусад эмнэлэг, сувиллын ажилтнуудын адил тусгаарлагдан иргэдийг хүлээн авч хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна. Мөн COVID-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээг гуравдугаар сар хүртэл хийжээ. Одоо хэвийн үйл ажиллагаандаа шилжин ажиллаж байгаа ч үйлчлүүлэгч ихтэй. Үйлчлүүлэгчдийн 60 хувийг аврагч, гал сөнөөгч, жолооч эзэлсэн хэвээр. Ашиг орлого гэхээсээ илүү бодлогоо барин ажиллаж байна. Онцгой байдлын албан хаагчид өдөр бүр тайван цагийн байлдагчид байдаг. Залуу хүмүүс нэг юманд зориглож дайраад орвол ундарсан их хүч гардаг. Үүнийг нь олж чиглүүлэх, сэдэлжүүлэх нь мэдээж удирдагч хүний үүрэг. Ажилчдаа сурч хөгжихөд нь дэмжлэг болгодог хүний нөөц гэдэг тасрашгүй ундарга. Үүнийг онцгой байдлын байгууллага сайн дэмждэг. Гадагшаа сургалтуудад бас. Хууль сахиулах их сургуульд бакалавр, магистр, ахисан түвшний сургалтад явуулдаг. Батлан хамгаалах удирдлагын сургалтад хамруулдаг” хэмээн ярьж байсан. Тэрбээр онцгой байдлын албанд орсондоо өөрийгөө азтай гэж боддог. Цэргийн сургууль төгсөөд онцгой байдлын албанд орсон. Энх цагийн эгэл баатрууд гэвэл онцгойгийнхон. Тэд өдөр шөнөгүй галын шугам дээр зогсож байдаг гэсэн юм.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД ДЭВШИЛТЭТ САНААГ НЭВТРҮҮЛСЭН НЬ      

Сувилагч, ахлагч Э.Ононтой өнөөдрийн болон цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг ярилцлаа.

Ц.Уранчимэг хотын унаган хүүхэд. Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” сургуулийг төгсөөд өөрийн сонирхлоор цэргийн сургуульд элсэн оржээ. Учир нь түүний өвөө цэргийн арын албанд малын эмч байсан нь Урнаа охиныг цэргийн хүн болоход нөлөөлсөн аж. Тиймээс 1999-2003 онд Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах тэнхимийн радио лакатерийн анги буюу радио электроникийн инженерээр төгссөн байна. Түүнийг цэргийн сургуульд ордог жилээс радио лакатерийн болон электроникийн инженер гэсэн бакалаврын хоёр дипломтой төгсдөг болжээ. Эхний нэг жил цэргийн казармд эмэгтэй сонсогч нар байрлах хугацаанд хэцүү байсан. Биеэ яаж зөв авч явах, хэрхэн хөлөө олж суралцах, тэдэнтэй мөр зэрэгцэх гээд эрэгтэйчүүдтэй ижил байхыг шаардана. Нэгдүгээр курсээ төгсөөд гэртээ ирэхэд нүүр нь сайртаж холцруутаад танихын аргагүй болжээ. Бидний сонсогч байх үе үнэхээр дурсамжтай, их зүйл сурахаас гадна хүний үгийг дааж сурсан. Сонсогч байхдаа рот, салааны дарга үг хэлэхэд л уйлна. Дарга нар маань “Хорвоогийн бүх нулимсыг үүнд өгсөн юм байхдаа. Юм хэлбэл уйлчих юм” гэдэг байсан. Хоёрдугаар курсээс энэ бол миний үүрэг, хариуцлага юм байна гэдгийг ойлгосон. Дурлаж орсон учраас бэрхшээлийг давсан. Тухайн үед ангид нь 20 гаруй хүүхэд элсэн орж байсан ч 10-уулаа төгсөж байлаа. Эрчүүд хийж чадаж байгаа юмыг би чадах ёстой гээд хичээдэг байсан. Манай анги бусад анги, ротыг бодоход цөөхөн хүүхэдтэй ч нэг амьтай, бүх зүйлээ зэрэг хийж чаддаг, зохион байгуулалт сайтай байсан хэмээн оюутан цагаа дурссан юм. Тэрбээр аав, ээжээс тавуулаа. Нэг ах, гурван дүүтэй ажээ.  

Цэргийн сургууль төгссөний дараа Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт мэргэжилтнээр ажилд орсон байна. 2010 онд түүний хань Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын орлогчоор томилогдоход нь тус аймгийн Онцгой байдлын албаны улсын нөөцийн салбарт орон тоо хоосон байхад нь хүсэлтээ өгч. Тэрбээр цэргийн сургууль төгссөн офицер, нөөцөд түүний материалууд байсан болохоор дэслэгч цолыг нь сэргээжээ. Ингээд ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн салбарын эрхлэгчээр дөрөв жил гаруй ажиллахдаа цахилгаантай болгохоос гадна орон нутгийн дэмжлэг, өөрсдийн нөөц бололцоог ашиглан хашаа хороог сэргээн засварласан аж. 2013 онд хотод ирээд Улаанбаатар дахь хүнсний нөөцийн салбарын даргаар ажиллах хугацаандаа өмнөх хоёр даргынхаа хийсэн ажлыг нураачих вий гэж айж байсан гэв. Тэгээд улсын нөөцийн бараа, материалыг яавал чанартай, аюулгүй хадгалах вэ гэж нэлээн бодсны эцэст агуулгын удирдлагын системийг нэвтрүүлсэн байна. Мөн олон жил ажилласан туршлага, мэдлэгтэй хүмүүс байсан учраас дэргэдээ лабораторитой болжээ.

Хээрийн бэлтгэл дээр.

2018 оны нэгдүгээр сар хүртэл ажиллахдаа албан хаагчдын нэг хоногийн нормыг тодорхойлсон байна. Онцгой байдлын албан хаагчид уул, уснаас эрэн хайх, хээрийн түймрийн ажиллагаанд явахдаа гурав хоногийн нөөцөө аранзандаа хийж авч явдаг. Хүмүүсийн авч яваа хүнсийг харахад бэлэн гоймон, будаа, борц, давс, сахар байж. Албан хаагчид хээрийн түймэрт явахаар хоолгүй, их ядардаг. Аймаг орон нутгаас өглөө нэг хонь, шуудайтай гурил, будаа авчраад тавьдаг. Түймрээ унтраачихаад ирээд хоол хийх боломжгүй. Дагалдаж яваа эмч нар нь хоол хийдэг. Тиймээс хээрийн үүц бий болгоё гээд ерөнхий газраас түүнд энэ талаар судал гэсэн үүрэг өгөхөд Ажлын хэсгийг ахалж албан хаагчдаас хэд хоногийн үүрэг гүйцэтгэдэг, ямар хүнсний зүйл юу авч явж иддэг байсан, юу идвэл зохилтой вэ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс ажлын хэсэгт орж энерги зарцуулалтыг нь тооцоолоод онцгой байдлын алба хаагчид 3000-3500 илчлэгтэй хоол идвэл зохилтойг тооцож гаргасан байна. Мөн өвлийн нөхцөлд уулнаас эрэн хайх, усных, хээрийнх гэсэн гурван төрлийн багц гаргаад ерөнхий газрын даргад танилцуулжээ. Ингээд Мах маркет, Мах импекс, Хүн од компанид санал тавьж 1-2 жилийн хугацаа даах хоол хийгээд халаагаад идэж болох уу. Гэхдээ жижиг савалгаатай, илчлэг нь ийм байна гэхэд Мах импекс, Хүн од компани хөц, гурвалжин будаатай хуурга, гуляшны махыг бэлдээд бидэнд танилцуулахад даргын зөвлөлийн хурлаар оруулсан. Үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын ихэнх нь олон жил үүрэг гүйцэтгэсэн, ачаалал даах чадвартай болдог юм билээ. Өөрсдөө хоол ундаа зохицуулаад юу авч явбал тохиромжтойгоо санал болгодог. Тиймээс тухайн үед Сэлэнгэ, Дорнод гэсэн ой хээр, тал хээрийн түймэртэй, уснаас эрэн хайх Хөвсгөл, уул уурхайтай холбоотой Дархан-Уул, Орхон, Налайхын алба хаагчдаас санал авч нэгтгээд танилцуулахад дэмжсэн. Үүнийг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай байгааг ч ярьж байсан юм.

Нийтлэлийн баатар маань долдугаар сарын 10-ны Төрийн далбааны өдрийн жагсаалд бэлдээд тун ч завгүй байлаа. зуун хүнийг нэг хүн шиг, нэг алхаа гишгээтэй, нэг харцтай болгохын тулд нэг сар бэлтгэл хийнэ. Үүнийг нэг түвшинд гаргаж ирэх, хөлийн өргөлт, зогсолтыг нэг хэвэнд гаргах хэцүү. Хэцүү байлаа гээд хийж болохгүй ажил биш. Онцгой байдлын албан хаагчдынхаа бүх эмэгтэй хайрцгийг удирдаад гурван жил болж байгаа. Үүнээс өмнө салаан дарга байхдаа долоон жил удирдсан. Хүн удирдаж байгаа учраас хүнтэй ойлголцох боломжтой. Бүх нэгтгэлээ удирдах нь Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын ажил гэж байлаа.

Түүний гэр бүлийн хүн Өвөрхангай аймгийнх, МУИС-ийг төгссөн, багш мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. Тэр хоёрын хувьд цэргийн сургуульд оюутан байхдаа танилцсан болохоор цэргийн амьдралыг хамтдаа мэдэрч, хамтдаа туулаад явсан учраас хань нь түүнийг ойлгодог. Найдвартай ар тал болж, тусалж дэмждэг гэсэн. Шөнө түргэн авахад зэрэг босоод хүргэж өгдөг байна. Энэ бүхнийг минь ойлгож, дэмждэг ар гэртэй би азтай хүн. Хүү, охинтой. Хүү нь сая арав, охин нь долдугаар ангиа төгссөн гэж байлаа. Хоёр хүүхэд нь аав ингэнэ шүү гэнэ. Учир нь ээж нь завгүй байдаг болохоор аавыгаа л гэнэ. Тэр бүү хэл цэргийн хүн ингэдэг гэсэн хэмээн хоорондоо ярьж байсан гэв. Чөлөөт цагаараа хөдөө байх дуртайгаа хэлж байналээ тэр.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 120 (6852)

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close