Хорин зургаан жил үргэлжилсэн иргэний дайны үр дүнд 2009 онд бий болсон Шри Ланкагийн эмзэг ардчилалд Ражапаксагийн гэр бүл эрх мэдлээ тогтоосны уршгаар тус улс хувийн ашиг сонирхолд автагдсан улс болохын ирмэг дээр ирээд байна. Готабая Ражапакса 2019 оны сүүлээр ерөнхийлөгчөөр сонгогдохдоо ах Махиндаг Ерөнхий сайд болон Сангийн сайдаар томилсон. Дараа нь Махиндаг Сангийн сайдын албан тушаалаас чөлөөлсөн ч оронд нь өөр нэг дүүгээ томилсон байна.
Дөрөв дэх дүү нь Усжуулалтын сайд бөгөөд Махиндагийн хүү бас хоёр яамыг удирддаг. Ражапаксагийн гэр бүл улсын төсвийн ойролцоогоор 24 хувийг захиран зарцуулдаг яамдыг хянаж байна. Мөн Парламентын зургаан гишүүн тус гэр бүлийн гишүүд аж. Ражапаксагийнхан холбоотнуудаа (гэр бүлийн бусад гишүүдийг оруулаад) засгийн газрын бусад өндөр албан тушаалд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд удирдах албан тушаалд томилж, хяналтаа улам өргөжүүлэв.
Шри Ланкагийн засгийн газар дахь Ражапаксагийн гэр бүлийн ноёрхлын хамгийн аюултай зүйл нь тэд засгийн эрхэд үлдэхийн тулд хэрэглэж буй тоглоомын бүдүүвч юм:
§ Хувийн ашиг сонирхолд автагдсан улсын нэг онцлог нь засгийн газрын хяналтыг устгахын тулд институцийн дүрэм болон бүтцийг өөрчлөх явдал байдаг. Ялангуяа, авлига, хөрөнгө шамшигдуулсан хэргийг мөрдөн шалгах үүрэгтэй байгууллагууд тэдэнд саад болж байгаа учир 2020 оны 10-р сард Ражапаксагийн гэр бүлийн засгийн газар (dynastical government) парламентын гишүүдийн гуравны хоёрыг ашиглан Шри Ланкагийн авлигатай тэмцэх агентлаг болох Хээл хахуулийн комиссын үндсэн хуулийн статусыг хасаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх мэдлийг нь бууруулах нэмэлт, өөрчлөлтийг үндсэн хуульд оруулахыг оролдсон нь гайхах зүйл биш байв. Тэрхүү нэмэлт өөрчлөлтөөр худалдан авах ажиллагааны болон аудитын комиссыг мөн татан буулгасан юм.
§ Хувийн ашиг сонирхолд автагдсан улсад албан ёсны институцийн хяналт, тэнцвэрийг алдагдуулахаас гадна, иргэний нийгэм, чөлөөт хэвлэлийг дарангуйлдаг байна. Шри Ланкад ч ийм явдал болов. Засгийн газрыг эрс шүүмжилж, үндсэн хуулийн засаглалыг дэмжигч нэгэн 2020 оны дөрөвдүгээр сараас хойш хоригдож байна. Өөр нэг идэвхтэн болох Асела Сампатыг гэрээс нь хулгайлсан бөгөөд батлан даалтад гарахаас нь өмнө биед нь халдсан хэмээн сэжиглэж байгаа юм.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр засгийн газрын талаар шүүмжлэлтэй сэтгэгдэл бичсэнийхээ төлөө баривчлагдаж, хэдэн сарын турш хоригдсон хүмүүс ч байгаа бололтой. Иргэний нийгмийн байгууллагууд тэтгэлэг хүсэхээсээ өмнө захиргаанд мэдэгдэх шаардлагатай ба үгүй бол цэргийн тагнуул гэнэтийн шалгалт хийдэг байна.
Мөн Ражапаксагийн гэр бүл чөлөөт хэвлэлийг дарахын тулд хэвлэл мэдээллийн салбарын эзэдтэй найрсаг харилцаатай байдлаа ашиглаж байна. Жишээлбэл, аллагын хэрэгт ял шийтгүүлсэн Думинда Силвад ерөнхийлөгч саяхан өршөөл үзүүлсэн бөгөөд энэ нь Силвагийн ахын эзэмшлийн телевиз, радиогоор сурталчилгаа хийхэд давуу тал олгосон байж болзошгүй гэж сэжиглэж байна.
Товчхондоо, Шри Ланка авторитаризм руу гулсаж байна. Гэхдээ олон улсын хамтын нийгэмлэг үүнийг анзаарч эхэлж буй. Жишээлбэл, хууль дээдлэх ёс, хүний эрхийн эсрэг Шри Ланкагийн засгийн газрын түрэмгийллийг эсэргүүцэхийн тулд Европын парламент ЕХ-ны худалдааны хөшүүргийг ашиглахыг уриалж байна. Энэ бол сайшаалтай алхам мөн боловч Шри Ланка болон бусад улс орнууд дахь улсыг хувийн ашиг сонирхолд автуулж буй хүчирхэг элитүүдийн үйл ажиллагааг эсэргүүцэхэд илүү ихийг хийх шаардлагатай юм.
Эх сурвалж: АТГ