УИХГадаад харилцаа

М.Оюунчимэг: Электрон тамхины хэрэглээг хуульчлах шаардлагатай

1988 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор 5 дугаар сарын 31-ний өдрийг “Тамхины эсрэг дэлхийн өдөр” болгон зарласан бөгөөд жил бүр тодорхой уриан дор олон улсын арга хэмжээ зохион байгуулдаг.

Энэ жил “Тамхины үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлж буй нөлөө ба тамхи үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа байгальд ээлтэй мэт харагдуулахад ашигладаг стратеги” сэдвийн дор олон улсын хурал Бельгийн Хант Улсын нийслэл Брюссель хотноо болох гэж байна. Тус арга хэмжээг угтаж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Францын тамхины эсрэг холбоо, Тамхигүй хүүхдүүд олон улсын байгууллагаас тамхины үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, тамхи үйлдвэрлэгчдийн маркетинг, түүнтэй тэмцэх нь, тамхины ишнээс үүсэх бохирдол сэдвийн дор салбар хуралдаанууд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

Салбар хуралдаанд Монголын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг оролцож, дараах мэдээллийг ирүүллээ. Тамхины дагуул хоруу чанарыг бид төдийлэн ярьдаггүй. Тамхины иш нь хуванцар хог хаягдлын нэг төрөл бөгөөд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихтэй, удаан хугацаанд задардаггүй, олон төрлийн химийн хорт бодис агуулсан, ургамал төдийгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Европт 2010 оноос хойш зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс улбаалж, тамхи үйлдвэрлэгчид шинэ технологи нэвтрүүлэх нэрийн дор төрөл бүрийн утаат болон электрон тамхийг зах зээлд нийлүүлсээр байна.

Тамхидалтаас шалтгаалж 8 сая хүн жилд нас бардаг, үүнээс 1.2 сая хүн тамхи огт татдаггүй  гэсэн тоон мэдээлэл байгаа нь дам тамхидалтын хор нөлөөг илтгэж байна. Манай улс Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, электрон тамхийг утаат тамхины нэгэн адил хуульчлах, онцгой албан татварыг нэмэгдүүлэх, тамхины хүний биед болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг таниулах, тамхидалтаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close