Ц.Дөш: Миний багш надад “Толгой чинь дааж байвал тусыг хийж яваарай” гэж айлдаж байсан
Энэ удаагийн ярилцлагын маань зочин Хамарын хийдийн хамба лам Ц.Дөш байлаа. Нэг хүний түүх, нэгэн үеийнхний амьдрал, цаг үеийг мөнхлөхөөр бид энэ хавар Хамарын хийдийг зорин очиж, Ц.Дөш гуайтай ярилцсан минь энэ.
-Таныг анх харахад ийм л хүн байсан, одоо ч тэр хэвээрээ байх юм.
-Одоо ч 70 гарчихсан, 80 шахаж явна. Хэвээрээ байна ч гэж байхгүй дээ. Их л өөрчлөгдсөн байх.
-Та яг хэдэн оны хүн бэ?
-1948 оны хүн шүү дээ. Одоо 75-тай болж байна даа.
-Та чинь Сайхандулааных гэдэг байх аа. Танайх хаахнуур нутагладаг хэний гэдэг айл байв?
-Би Ядамжавын Цэвэг гэдэг хүний ганц хүү болж Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт намрын дунд сарын шинийн 8-нд төрсөн. Аав ээжийнхээ гарын үзүүрт зарагдаж, малд явсаар бага нас өнгөрсөн. Манайх ядуу айл байлаа. Ядуу гэдэг нь феодолын үлдэгдэл гэсэн үг. Манай малыг гурван удаа нийгэмчилсэн. Тэр үед феодолын үлдэгдэл, нийгмийн шаар шавхруу, эсэргүү гэсэн хочтой явсан. Түүнээсээ болоод сургуульд сууж чадалгүй явсаар, сүүлд 12 хүрч байж сурагч болсон.
-Ямартай ч сургуульд орчихлоо. Арван хоёртой гэхээр та бараг ангийнхаа хамгийн том биетэй нь байх уу?
-Манай сургууль дөрвөн жилтэй. Нэг-гурав, хоёр-дөрөв гэсэн хоёрхон ангитай. Би гэдэг хүн монгол дээл өмссөн, майжиг гуталтай, пөөнийсөн юм явсан. Түүний өмнө хүмүүс миний ийм тийм багш байсан гээд ярина. Тэрийг нь сонсоод “Би яагаад багштай байж болдоггүй юм, яагаад төвөд ном үзэж болдоггүй юм” гэж бодоод ээждээ хэлтэл “Миний хүү тэгж болдоггүй юм. Шоронд орно. Шорон гэдэг чинь байшин, дотор нь хийгээд цоожилчихдог.
Багш чинь ч алуулна. Чи ч алуулна. Хэдэн ёотон өгөөд “Чи багштай гэж үнэн үү” гэхээр нь миний хүү үнэнээ хэлчихнэ” гээд халгаагаагүй. Тэгэхээр нь би шалсаар байгаад 1959 онд багшдаа шавь орж байсан. Одоо ингээд бодоход би бурханы шашинд зүтгэх хувь ерөөлтэй байсан юм байлгүй. Намайг хэн ч төвөд ном сур гэж ятгаагүй. Миний зөн совин л тэр. Хүний зам мөр их сонин юм шүү. Тэгж муу хэлэгдэж байсан ч одоо болчихсон л явна.
-Шавь оръё гэхэд багш тань хэрхэн хүлээн авав. Цочирдсон уу?
-Ээжийг очиж хэлэхэд багш “За яах вэ, ерөөлтэй юм байж” гэсэн гэдэг. Ингээд шөнө нь очиж номоо сонсож аваад харьдаг байсан.
-Ном дэвтэр гэж байх уу?
-Байхгүй ээ, хэлүүлээд л авчихна. Гэр ч ойрхон, гүйж очоод гүйгээд харьчихна.
-Уг нь та чинь сургуулийн сурагч шүү дээ. Шинэ номондоо дургүй байсан хэрэг үү?
-Би сургуульд суухаар өвдчихдөг байсан. Хоёр сар болоод өвдчихнө. Дунд сургуульд хоёр ч суусан. Бүр сүүлд бүх нийтээр бага боловсролтой байхгүй бол болохгүй гээд байхаар нь дөрөвдүгээр ангийн хүүхдийн ном харж байж шалгалтаа өгч байсан. Түүх, түмэн бодисын шалгалтыг цээжээрээ өгөөд онц, хэл бичиг, тоо хоёрыг нь шалгуулахад хэл бичиг дээр таслал тавиагүй гээд сайн, тоон дээр нэг тоо алдаж буулгасан гээд дөрөв авч байсан.
-Таны юу өвдөх үү?
-Эхнийхэд нь шарлаад, дараа нь яасныг бүү мэд тархи толгой өвдөөд. Тэгээд сургуулиас гарчихсан. Багш маань ч “Суух ёсгүй хүн юм байна. Албадаж битгий суулга” гээд суулгаагүй.
-Төвөд номоо хэзээ нь яаж давтах уу?
-Хөдөө хонинд явах их сайхан шүү дээ. Номоо давтахдаа давтаад л, уйлахдаа уйлаад л. Манай сумын нэгдлийн дарга байсан Жаргалсайхан гэдэг хүн хожим таараад “Би огт мэдээгүй. Тэр үед даргадаа сан тавиад өгч байхгүй дээ. Ингэж цэвэрхэн нууна гэж бас байдаг аа” хэмээж билээ. Тэгж ч балрахаа болъё доо, тийм ээ. Наяан хэдэн оны үед нэгдлийн даргад сан тавьсан бол бурууддаг юм байгаа биз дээ. /инээв/
-Ам чангатай байхгүй бол дээлээ нөмрөх цаг байсан байх шүү?
-Жаран хэдэн оны үед бүр их чанга байсан. Утаа униар үнэртвэл энэ юу ханхлаад байгаа юм, танайд хэн ирсэн юм болоод явчихна. Мөрдсөн, тагнасан тийм л үе байлаа.
-Төвөд ном сурахаар аав ээж хоёр нь айх юм уу?
-Миний аав намайг 3 настайд ээжээс минь салаад явчихсан юм билээ. Уулзахтай үгүйтэй л байсан. Би аавыгаа Памба, ээжийгээ Ажаа гэж авгайлдаг байсан. Аав маань намын гишүүн, Навсаан нэртэй бүдүүн атаа их унана. Памба, Навсаан хоёр явж байгаа нь их андашгүй байдаг сан. 1970 оны намар аавын чинь бие муудлаа гэсэн хэл ирсэн. Тэр үед Хүслийн уулын энгэрт манайх намаржиж байсан. Замд тосож унаанд суугаад Зүүнбаян хүрээд, тэндээсээ Сайхандулаан орсон.
Очтол аав минь хэвтэрт орчихсон байсан. Хоёр шөнө аавыгаа асарч тойлж байтал гурав дахь хоног дээрээ “Аав нь босмоор байна” гэж байна. Уначих гээд болохгүй болохоор нь аавыгаа хоёр хөлийнхөө хооронд түшүүлж суулгаад гар дээрээ өнгөрүүлсэн. Тэр үед номыг ямар чангаар уншиж болох биш, дотроо л уншсан. Аавыгаа би гурав хоног асарсан л хүн дээ. Бас ерөөлтэй шүү. Хүн уулзахгүй хүнтэйгээ хүсээд ч уулздаггүй. Миний хойд аав ч мөн адил номтой хүн байсан. Би өвөө гэж дууддаг байсан, 73 хүрч буцсан. Ээж маань нарийнтаад эртээ өнгөрсөн. Манай аав ээжээс 20 гаруй насны ах хүн байсан юм.
-Та тэгээд хэд хүртлээ мал маллав?
-1990 он хүртэл мал малласан.
-Сайхандулаан сумын малчин гэсэн бүртгэлтэй явав уу?
-Сайхандулаанд ч байсан, Өргөн суманд ч байсан. Гэхдээ би засгийн мал нэг удаа ч маллаагүй.
-Та чинь тэгвэл анхнаасаа феодал байсан байна шүү дээ. Сум нэгдлээс таныг засгийн мал малла гэж шахахгүй юу?
-Дарга нар шаардсаан. Гэлээ ч илүү дутуу тайлбар тавьсаар ер маллаагүй. Мөн олон ахаа хядуулсан болохоор дотор юм бодогдоод байсан. Тэгээд би улсад ер ажилласан түүхгүй үлдсэн хүн. Харин энэ хийдийг босгоход бол зүтгэсээн. Алтан гадас ч авсан. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон ч авсан. Хийддээ л бүх зүйлээ зориуллаа. Ерээд оны эхэн шиг залуусан бол бүр ч ихийг хийх л байна, одоо хөгшрөөд явж сууж чадахаа ч больж байна даа.
-Ингэхэд та чинь цэрэг цуухад татагдаж байв уу?
-1968 онд цэрэгт татагдаад Хар усан тохойд 17 хоног шар будаатай армийн хоол идэв ээ. Хараа муу гээд тэнцээгүй. Цэрэг татлага дуусахад болсон нэг хурлаас ”Бүрэнмөсөн тэнцэхгүй” гэсэн бичиг хийлгэж аваад дахиж татагдаагүй. Энэ хараа ч яах вэ, төрөлхийн юм. Угаас би богино хараатай хүн. Дээр нь сая вакцин гэдэг юм хийгээд, бүр бүрзийлгээд хаячихлаа.
-Шашны дээдэд сурахаар шалгуулж байсан удаа байна уу?
-1970 онд анх Шашны дээд сургууль нээгдэхэд намайг дуудсан юм. Ар гэрийн гачигдлаас болоод очиж сурч чадаагүй. Гандангийн хамба Д.Чойжамц анхны үеийн төгсөгч шүү дээ. Хэрэв төгссөн бол тэр үеийн төгсөгчдийн нэг байх байсан байж. Одоо ч 52 жил өнгөрч дээ.
-Та ер нь Хамарын хийд хавиас холдохгүй төөрөг зурагтай хүн шиг юм байна даа?
-Хэн мэдэх вэ.
-Насны галтайд ямаршуухан залуу явав?
-Нэг банди л явсан.
-Охид бүсгүйчүүд эргүүлж явсангүй юу?
-Үгүй үгүй.
-Та тэгээд гэргийтэйгээ хэзээ нь яаж танилцсан юм?
-Би 37 хүрч байж авгай авсан хүн шүү дээ. Түүнээс өмнө эмэгтэй хүнтэй уулзахаар нүүрнээс гал бутрах шиг болдог байсан. Юм ч сайн ярьж чаддаггүй.
-Ноомой явсан юм уу даа. Эсвэл бурханы номонд хоригдоод байв уу?
-Бурханы номонд хоригдсон юмгүй. Би өөрөө тийм ичимтгий л байсан байхгүй юу. “Дөш нэг охинтой хамт явж байна” гэхээр иччихдэг байсан. Дорой ч гэх юм уу ичимтгий гэх юм уу л, явахгүй юу.
-Таны залуу нас бол социализмын өрнүүн цаг үед өнгөрч. Ядаж л бүх юм улаан бэлгэдэлтэй. Улаанбаатар, улаан бүч, улаан батлах, уух ундаа нь хүртэл улаан ус гэдэг нэртэй цаг байлаа шүү дээ. Гэтэл та тэр үеийн гэрэл сүүдрийг өөртөө нэг их тусгалгүй, өөрийнхөө оршихуйг хөндөлгүй амьдарсан юм шиг ээ?
-Намайг хөдөө хэн яах вэ дээ. Малдаа яваад өнгөрчихгүй юу.
-Та чинь намд элссэн бил үү?
-Элсээч гэж олон удаа гуйсан, элсээгүй. Тэр байтугай, пионерт ч элссэнгүй. Эвлэлд элсээч гэхээр нь “Элссэн” гэж хэлээд элсээгүй.
-Дандаа бултчихсан байна шүү дээ. Шашнаасаа л зайлж бултаж чадсангүй дээ.
-Тэр ч яах вэ, аяндаа л бүтсэн эд.
-Хамарын хийдтэй хэзээ нь хувь заяагаар холбогдов?
-Цагаан морин жил ардчилсан хувьсгал гарч, удалгүй аймгийн ИТХ-аас дуудлаа. 1990 оны 6 дугаар сарын 8-нд “Мөргөлийн өргөө” нэртэй нэг гэр аймгийн төвийн хойхно барив аа. Мөн тэр жилийн 12 дугаар сарын 9-нд Хамарын хийдийг дахин сэргээж гэр барилаа л болсон. Гурван гэртэй хурал номоо эхлүүлтэл лам байдаггүй. Тэр үед 14 хоног хоосон гэрт сахиул айлтайгаа сууж аваад буцсан. Дараа жил нь ахин дуудагдаад, энэ суурин дээрээ бүрмөсөн сууж байна даа.
-Анхны хүмүүс хэн хэн байв?
-Юу ч үгүй тал дээр сүм барь гээд надад хадаг өгчихсөн юм шүү дээ. Дашдэлэг гэж таягтай, хар болсон өвгөн. Түүний хүү. Дээр нь намын хорооны аж ахуй байсан, бага сага уншлагатай Галбадрах гэж бас нэг өвгөн. Бид хэд тэгж л эхэлж байлаа. Намайг анх ирэхэд цэргийн бойнд ашигладаг махны хэдэн дэгээ төмөр, баахан тал туйпууны үлдэгдэл хөглөрсөн газар байсан. Сүмийн дээвэр байсан болов уу гэмээр гоё гоё хээтэй ваарны хэмхэрхий энд тэндгүй. Түүгээр нь юм хийхийн эцэсгүй ээ. Дэгээ төмрийг нь буулгаж, хогийг нь жаал цэвэрлэлээ.
Тэр үед Зүүнбаянд их том цэргийн анги байлаа. Тэндхийн дэд хурандаа нартай бүгдтэй нь нөхөрлөнө. Тэднээс гуйж гарын дүйтэй цэрэг авч ажиллуулна аа. Надад өөр хүн олдохгүй шүү дээ. Өөр хүн бол надаас мөнгө нэхнэ. Хүн хэрэгтэй байна гээд сарын хугацаатай, заримдаа ч жилээр нь авч ажиллуулж байсан. Өнөө дарга нар чинь та цэргээ сайн хариуцна шүү л гэнэ. Тэгж байтал “Цэрэг халагдлаа, Дөш гуай цэрэг явуулаарай” л болно. “Юм хийж гүйцээгүй байна, эндээс нь халаад явуулчихвал болох уу” л гэнэ. Хувцас хунарыг нь бэлдэж өгөөд “халж” явуулж л байлаа даа.
-Цэрэг оргохгүй юу?
-Өө оргоогүй.
-Нэг ч удаа оргож байгаагүй гэж үү?
-Ер тийм юм болж байгаагүй.
-Жудагтай сайхан хүмүүс таарчээ. Аль аймгийнх байх уу?
-Баруун аймгийнхан голдуу байсан.
-Одоо тавь гаруй насны улс байх нь ээ?
-Тийм тийм.
-Тань дээр одоо ирэх үү?
-Ирнэ ээ, ирнэ. Тэднийг хариуцаж байсан улс ч гэсэн хойшоо очоод бүгд л тушаал дэвшсэн дээ. Зарим нь ч хорвоогийн мөнх бусыг үзүүлж дээ.
-Хэзээ нь таныг хамбаар зарласан юм?
-Анх ловон цолтой байсан. Түүнтэйгээ байж байтал 2016 онд УИХ-ын гишүүн Л.Одончимэд, тахилч З.Алтангэрэл хоёр маань дархан хамба цолыг өгсөн. Тэгэхээр хамба болсоор 6 жил болж. Сүүлд мөн хийд орноо сайхан болгохоор “Лувсанданзан Равжаа” академийг байгуулсан. Анх тахилч З.Алтангэрэл маань ахалж байгаад, одоо өөр хүн удирдах болсон. Тус академиас Монголынхоо хүүхэд багачуудыг эрүүл өсөг, нийслэл хот маань энх амгалан байг гэх үүднээс Богдхан уулын Чандманы аманд доод байшинтайгаа нийлээд 25 м өндөр Цэцгэн эрхэт Ловон бурханы хөшөөг бүтээхээр болсон ч энэ хавраас засаг төр хорьчихлоо. Уг нь улсаас нэг ч төгрөг аваагүй юм. Гэтэл ам болгонд битүү байшин барьчихсан л байх юм.
-Хан Баянзүрх уулын Тахилын сүмийн шавыг тавихаар анх очиход дугуй булантай цайгаар хуучин шавыг нь тойруулж өндөрлөсөн байсан. Тэгэхээр хайрханыг нууцаар шүтэж сүсэглэж явдаг хүмүүс байж дээ?
-Аль 1970-аад оны үед уулынхаа энгэрт сан тавиад л, цай сүүнийхээ дээжийг өргөөд явж л байлаа. Одоо чинь маниас илүү мэддэг хүн олон болж. Энэ уул чинь хар лустай газар, архи л өргөхгүй бол болохгүй ч гэх шиг. Сүү ёстой болдоггүй юм ч гэх шиг. Би ёроолд нь 13 жил амьдарсан хүн. Тогоо нэрээд халуун архи өргөж л байлаа, хүн амьтан зээр гөрөөс агнаад ирэхэд түүнээс нь чанаад шөл ус өргөж ч байлаа. Хар цай, сүү ч өргөж байсан. Заавал оройд нь гардаг юм гэж байхгүй. Бэлд нь байж, хүсэл зоригоо айлтгахад болохгүй гэх зүйлгүй. Ардчиллаас хойш “Гурилын” Л.Гомбо хүрч ирж, ууланд ийм нэг сүм барьвал ямар вэ гэж зорьж ирж асуугаад, барьсан нь энэ.
-Шамбалын орны гортигийг яаж тооцсон байх уу. Шамбалын орон гэж яг юу вэ?
-Шамбалын орныг номд гурван давхар орон байдаг гэсэн байдаг. Гадаа хүрээ нь манай энэ л гээд байгаа шүү дээ. Дунд хүрээ нь бурхадын номын чуулганы газар. Бүр голдоо Рэгдэндагва хаан өөрөө байж байдаг гэдэг. Ер нь дэлхий дээрх таван дагшин орны нэг гэгддэг. Тэнгэрт биш газарт байгаа орон л гэдэг. Барьж босгохын тухайд, ном нь байсан болохоор түүгээрээ нь л босгосон. Хамарын хийдээ барьчихаад тахилч З.Алтангэрэл хоёул яаж хийд орноо өргөжүүлэх вэ гэцгээгээд Шамбалаа босгохоор болсон. 2004 онд анхны 20 суваргыг барилаа. 2005 онд хоёул Энэтхэгээр дөч хоног тойрч, эргэж ирээд намар нь дахин 20 суварга барьсан. Дараа нь үлдсэн суваргуудаа барьж, Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр анх хурал хурж байжээ.
-Манай монголчууд амрах болохоороо уултай устай газрыг зориод явчихдаг. Эргэл мөргөл, наминчлал үйлдэх болохоороо говь руугаа яваад байх шиг. Номын тоо хэд хүрвэл тухайн газар орон энергиждэг юм бол гэсэн бодол төрөөд асуумаар санагдчихлаа?
-Доод тал нь 15, 25, 45 бум. Дээд тал нь 150 бум хүрч байж, хүч орно. Тэр ч их тоо шүү. Тэр тоонд хэн хүргэх юм, хүн л уншиж хүргэж таарна даа.
-Таныг энэ орон хийдийг толгойлсоноос хойш нэр хүндтэй ямар зочид гийчид ирж байв?
-Энэтхэгийн Элчин Бакула Ренбүүчи ирж байсан. Тэр хүн “Энэ хийдэд олон хүн хэрэггүй. Сүсэгтэй цөөн хүн байхад болно” гэж айлдаад буцсан. Сүүлд надад ирүүлсэн захиаг нь УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржид үзүүлтэл “Та үүнийгээ өгчих. Би томоор хэвлүүлээд аваад ирье. Тэгээд дугандаа хад” гээд авч яваад авчирч өгч байсан. Хутагт хүн юм болохоор их гүн агуулгатай захидал бичсэн байсан. Дараа эргэж ирнэ гэсэн боловч ирж чадаагүй ээ. Л.Ишдоржийг аймгийн Засаг дарга байхад Норвегийн вант улсын төрийн тэргүүн, Л.Эрдэнэчулууныг Гадаад хэргийн сайд байхад 23 орны Элчин сайд нар ирж байлаа. Японы ханхүүг ирэхэд баруун дэнж дээр 9 гэр барьж хүлээж авч, поло тоглуулж байлаа. Тэр айлчлалын дараа Японы ханхүүгийн гэргий хөл хүндтэй болж, өв залгамжлах хүүтэй болж, Японы ЭСЯ-наас шинэ жилийн баяраар мэндчилгээ дэвшүүлж байсан. Сүсэгтэн гэвэл олон орноос ирж байсаан.
-Цагаан морин жилээс хойш шашин ном дэлгэрлээ л боллоо, бөө шидтэн төрлөө л боллоо. Гэтэл та Хамарын хийддээ л суусаар өдий хүрлээ. Аливаад тууштай энэ чанар таньд хэнээс өвлөгдөв?
-Багш, ээж, миний хойд аав.
-Та олон хүнтэй шадарлаж явсан байх. Дурдвал, хэн хэн байна вэ?
-Одонгоо /УИХ-ын гишүүн агсан Л.Одончимэд/ бид хоёул их эртний найзууд, хэн хэндээ дэм тустай явцгаасан. Манай Одонгоо олон сайхан ном зохиол бичсэн, эрдэм номтой хүн байж билээ.
-Та хоёр нас ойролцоо юу?
-Надаас 2-3 ах байсан.
-Та ид шидэнд итгэдэг үү?
-Итгэхгүй ээ итгэхгүй. Хүн ер нь сонин ш дээ. Бодитой, нүдээрээ харсандаа бол итгэдэг. Тийм зүйлийг багшаасаа олныг үзсэн.
-Тэрнээсээ ярьж болох уу?
-Нууцын номыг ярьж болохгүй л дээ. Янз янзын юм яривал юм байлгүй л яах вэ.
-Энэ олон жил хийд оронд суулаа. Хүний хүсэл гэдэг хязгааргүй гэдгийг та юу андах вэ. Хүн бүр өөр өөрийн хүслийг гүйцэлдүүлж өгөөч гэдэг байх. Тэр бүрд тус болж чадахгүй үе тохиодог биз?
-Өөрийнхөө хэмжээнд тус болохыг хичээлгүй яах вэ. Ерөөл ёсоор санасан сэдсэн бүхэн нь сэтгэлчлэн бүтээсэй, зорьж ирсэн нь ёсчлон биелээсэй л гэж номоо уншина шүү дээ. Миний багш надад “Толгой чинь дааж байвал тусыг хийж яваарай” гэж айлдаж байсан. Өнөөдөртөө толгойгоо дааж яваа болохоор амьтанд тус болоод л явж байна даа.
-Та чинь бас зурхай зурчихдаг биз дээ?
-За яах вэ дээ, зураад сүйд болсон юм алга. Миний найз, Монголын Шинжлэх ухааны гавьяат ажилтан Л.Тэрбиш гэж бий. Одоо Гордокт байгаа, тэр хүн л мундаг зурхайч даа.
-Алтан хайрцаг нээдэг гэж сонсож байсангүй. Ямар хүн алтан хайрцаг нээдэг юм бэ?
-Намайг нээ гэсэн, би нээгээгүй. Сүүлд 1962 онд алтан сав нээх эрх өгсөн. Гэхдээ л нээгээгүй. Гэтэл чи алтан сав нээхгүй юм бол хэн нээх юм гэсэн яриа болоод, би ч Түндэв гуайд өг гэсэн. Тэгээд Түндэв гуайд өгсөн.
-Та ярианы нэлээн дээр олон ах нараа хядуулсан гэлээ. Тэд ямар хүмүүс байсан юм бол?
-Намайг төрөхөөс бүр өмнө 1937 оны үед аваачаад хядчихсан юм билээ. Миний ах нар болох Хандармаагийн Цэвээндорж, Хандармаагийн Лувсансамбуу, Хандармаагийн Агваансамбуу гэж дан гавж хүмүүс байсан. Бүгд баригдаж яваад цаазлуулсан. Хандармаагийн Лувсансамбуу гэдэг ахынхаа бичиг баримтыг олж хөөцөлдөж байж цагаатгуулаад, улсаас олгосон 1 сая цаасаар нь Хамарын хийдийн баруун хойно байх Рашаан амьтны хөлд дарагдаад байхаар нь дээр нь байшин барьчихсан. Бусад ахынхаа баримт бичгийг олж цагаатгуулж чадаагүй. Олон хүрээ гэж байсныг чи мэдэх болов уу даа. Дээр үед бол Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны гол хийд Амгаланномуунтын гэж 2000 ламтай хийд байлаа. Сайхандулаан сумаас баруун тийш 15 км-т одоо ч туурь нь бий. Газартай нь тэгшлээд хаячихсан юм даа.
-Хүн ер нь ижий аав, ойр тойрныхондоо тус болж засал номыг нь хийж чаддаг юм болов уу?
-Засал ном хийхэд хүний өөрийн гэж байхгүй. Хүн л бол хүн. Хүний хүн амархан, өөрийн хүн хэцүү гэх юм уу эсвэл хүний хүн хэцүү, өөрийн хүн амархан гэсэн зүйлгүй. Цаад хүний үйлийн үр, лай ланчигаас болж, сэхэх дээрээ тулвал сэхнэ, босохгүй дээрээ хүрвэл босохгүй. Ийм л учиртай.
-Та шашингүй үзэл дэлгэрсэн үед амьдарч үзлээ. Шашин дэлгэрсэн цаг үед амьдарч үзлээ. Танд чухам юу бодогдох юм?
-Ямарваа юм мөнх бус гэдгийг л харуулж байгаа хэрэг. Хүн ч мөнх бус, байгаль ч мөнх бус. Явж явж юм бүхэн мөнх бус. Гэхдээ ахиад аливаа зүйлс эргээд л ирдэг. Булаг байгаад ширгэсэн сайрт ус урсаад л ирдэг, мод шийдэм байгаад өгөршчихсөн байхад үндэс нахиа ургаад л эхэлдэг. Тэгэхээр мөнх юм гэж байхгүй, бүгд эргэлтэд орж байдаг орчил юм даа.