Их Британи, Унгар, Монголын хамтарсан “1242-Gateway to the West” түүхэн кино бүтээгдэнэ
Их Британи, Унгар, Монголын хамтарсан Холливудын “1242-Gateway to the West” киноны зураг авалт энэ оны аравдугаар сараас Монгол болон Унгарт эхлэхээр болжээ. Тус кинонд Чингис хааны цэргийн жанжин ач хүү Бат Монголын эзэнт гүрний баруун хязгаарын ерөнхий жанжнаар томилогдсон үеийн түүхийг өгүүлэх гэнэ.
Бат хаан 1242 онд Каспийн тэнгисийн хөвөөнд суурьшин Сарай хэмээх нийслэл хотоо байгуулан Алтан Ордны улсыг байгуулсан түүхтэй. Улмаар Алтан Ордны үе үеийн хаад улс орноо тэлсээр 200 жилийн турш тогтоон барьсан билээ. “1242” кинонд Бат хаан Кесареани хэмээх сүнслэг англи эртэй уулзан улмаар Европ руу дайтахаа зогсоож буй тухай уг кинонд өгүүлэх аж.
Унгарын найруулагч Петер Соос, киноны зохиолч Арон Хорват, Жоан Лэйн нар уг киног найруулах бөгөөд Холливудын нэр жүжигчид болох дүрүүдэд Эрик Робертс, Кристофер Ламберт, Теренс Стэм, Жереми Ноймарк-Жонс, Женевьев Флоренс нар тоглохоор болжээ.
Дашрамд дуулгахад, энэхүү киноны Кесареанигийн дүрийг 2017 оноос хойш уран бүтээлд дүр бүтээгээгүй Оскарын шагналт жүжигчин Кевин Спэйси бүтээх болсон нь олны анхаарлыг татаад байна. Учир нь тэрээр 5 жилийн өмнө хүчирхийллийн хэрэгт холбогдон өнөөг хүртэл киноны санал хүлээн аваагүй. Кевин Спэйсиг гэм буруугүй болохыг шүүх албан ёсоор тогтоон, тэрээр нэр хүндээ сэргээхээр хичээж буй энэ цаг үед “1242” кинонд тоглон Холливудад эргэн ирсэнээ зарлаж байгаа бололтой.
Эх сурвалж: Indiewire.com