Гадаад харилцааСурвалжлагаОнцлохФото сурвалжлага

“Унгарын соёлын өдрүүд -2022” эхэллээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгарын Элчин сайдын яамтай хамтран Шангри Ла Малл худалдааны төвд “Унгарын соёлын өдрүүд -2022” зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Унгарын Элчин сайд хатагтай др.Обрушанский Борбала Анна, Унгар судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал доктор Хорват Логушши Габор, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх  нар оролцлоо. Соёлын өдрийн хүрээнд Унгарын боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний танилцуулга сурталчилгааг толилуулж, рубик шооны үзүүлбэр боллоо.

Унгар улсаас их хүрэлцэн ирсэн ардын бүжгийн “Кинчөө” чуулгын уран бүтээлчид болон Саас Вероника, Бата Иштван нарын “Veni” хамтлагийн тоглолт болж, унгар ардын дуу, бүжиг эгшиглүүллээ. Өнөөдрийн арга хэмжээний төгсгөлд Шангрила Малл төвийн IMAX кино театрm “Кенчим морь” уран сайхны кино үзэгчдийн хүртээл боллоо.

Унгарын Элчин сайд др.Обрушанский. Борбала Анна хэлэхдээ, Бид Улаанбаатар хотноо Унгарын соёлын өдрүүдийг анх удаа зохион байгуулж байна. Энэ нь олон зууны түүхт харилцаатай манай хоёр орны хувьд маш чухал үйл явдал юм. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 72 жил болж байгаа ч хоёр орны ард түмний хувьд өнө урт удаан хугацааны түүхийн сэжмээр холбоотой байдаг. Учир нь манай хоёр улс Хүннү гаралтай гэж үздэг. Бидний эртний зан үйл ,зочломтгой зан заншил, угсаатны зүй зэрэгт олон нийтлэг зүйл бий. Мөн гоёл чимэглэл, хээ угалз хөгжим, аялгуунд төстэй шинж чанарууд олон байдгийг Унгар судлаачдын хийсэн судалгаанууд баталдаг. Монгол ардын урлагт Унгарынхтай маш төстэй. Түүнчлэн Унгар монгол хэлэнд 2000 орчим төстэй үгс бий.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбар болон бусад олон салбарын хамтын ажиллагаа ихээхэн өргөжиж байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд сүүлийн жилд Унгараас Монгол Улсад нийлүүлэх экспортын хэмжээ өссөн нь манай хамт олны ажлын үр дүн юм. Түүнчлэн соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны чиглэлд шинэчилсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. 1961 онд эхэлсэн Унгар Монголын экспедицийн хамтарсан судалгааг өнгөрөгч жил дахин эхлүүлсэн. Энэ жил ч үргэлжилнэ. Энэ оны хоёрдугаар сард Унгар Монгол Улсын кино урлагийн салбарт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Унгар, Англи, Монгол гурван улсын хамтран бүтээсэн Монголын эзэнт гүрний Бат хааны талаарх түүхэн кино ирэх жил үзэгчдийн бүтээл болно. 2016 оноос хойш Унгарын Засгийн газраас жил бүр хоёр зуун оюутан боловсролын бүхий л түвшинд суралцах боломжийг бүрдүүлээд байна” гэлээ.

Унгар Монгол хоёр улс эртний найрамдалт харилцаатай байж, эрдэм боловсрол эзэмших, ажиллаж хөдөлмөрлөхөөр манай монголчууд олноор очиж, ажиллаж амьдардаг онцлогтой. Тэрч утгаараа энэ удаагийн соёлын өдрийн арга хэмжээний үеэр Унгар улсад сурч, ажиллаж амьдарч байсан монголчууд олноор оролцож, эртний найзуудтайгаа уулзсан мэт халуун дотно яриа өрнүүлж, элгэмсэг харилцаж байгаа нь мэдрэгдэж байсан юм.

Мөн энэ үеэр Унгар судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал доктор Хорват Логушши Габор хэлэхдээ “Надад найзуудын маань бэлэглэсэн дөрвөн монгол дээл бий. Би монгол дээл өмсөө зэр зэвсэг хэрэглэж байгаадаа маш их бахархдаг . Бидний өвөг дээдэс эрт дээр үед эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг дурссанаар тэд сэтгэлд минь амьд байна  гэж ойлгож байгаа. Бид өвөг дээдсээ дурсахгүй мартчих юм бол. Одоо яах билээ. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Би бол эрдэм шинжилгээний байгууллагын захирал, эрдэмтэн хүн. Өдөр болгон ингэж хувцаслаад явдаггүй. Гэхдээ Азийн Хүннүчүүд буюу Монголчууд болон Атилагийн хааны удам Унгар хүмүүс бид нэг үндэс гаралтай гэдгээрээ бахархаж явдаг. Энэ бол хамгийн чухал зүйл”  хэмээн бахархал дүүрэн өгүүлж байлаа.

Дашрамд дуулгахад, Унгарын соёлын өдрүүдийн хөтөлбөр маргааш Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close